Хубэй мужид зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-17 11:14:32

БЭЭЖИН. /RIA Novosti/. Шинэ коронавирусний голомт болох Хубэй мужийн эрх баригчид халдварын тархалттай тэмцэх арга хэмжээг чангатгах зорилгоор замын хөдөлгөөнийг хатуу хязгаарлаж, болзошгүй хавьтлыг багасгах, халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хот, хөдөөгийн оршин суугчдын шилжилт хөдөлгөөнийг хяналтдаа бүрэн авах шийдвэр гаргалаа гэж тус мужийн засгийн газрын цахим хуудсанд мэдэгджээ.


Статистикийн мэдээллээс үзвэл, авж хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна. Тухайлбал, халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоо Хубэй мужид гурав дахь өдрөө дараалан буурчээ. Хоёрдугаар сарын 12-ны байдлаар нэг хоногийн хугацаанд шинээр илрүүлсэн тохиолдлын тоо 14840 байсан бол хоёрдугаар сарын 15-нд энэ тоо 1843 болж огцом буурсан байна. Энэ байдлыг хэвээр хадгалахын тулд эрх баригчид хяналтыг зөвхөн Ухань болон байдал илүү хүнд байгаа хэд хэдэн хотод биш бүх муж даяар чангатгахаар шийджээ.


“Манай мужид гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээ шийдвэрлэх шатандаа орсон боловч халдвар тээгчдийг тусгаарлаж, халдвар тараах, өвчний тархалтыг хянах байдал урьдын адил ноцтой хэвээр байгаа тул урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг чангатгахаар шийдвэрлэв. Оршин суугчид мужийн эрх баригчидтай харилцан ойлголцож, хамтран ажиллахын зэрэгцээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцоно гэж найдаж байна” гэж мэдэгдэлд  дурдсан байна.


Тухайлбал, хаалттай хэлбэрийн хяналтыг бэхжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Энэ нь орон сууцны бүх цогцолбор, хөдөө, хот суурин газрууд, тосгонууд, бичил хорооллуудын бүх хөдөлгөөнд байнгын хяналт тавих орох, гарах ганцхан гарц гаргах ёстой бөгөөд тэнд орж, гарч байгаа бүх хүний температурыг шалгаж, мэдээллийг бүртгэх арга хэмжээ юм. Мөн онц шаардлагагүй тохиолдолд гадны автомашинууд, тэнд амьдардаггүй хүмүүс нэвтрэх хориотой.


Үүний зэрэгцээ эдгээр газарт буй дэлгүүр, эмийн сангууд эн тэргүүнд шаардлагатай эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн болон эм хэрэгслээр бүрэн хангах ёстой байна. Орон нутгийн засаг захиргаанаас эдгээр бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх, цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээг идэвхжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн халдваргүйжүүлэлт, хог хаягдлыг ачих ажлыг тогтмол хийх ёстой байна.


Холбоотой мэдээ