Д.Сумьяабазар: "ЭТТ"-н ногдол ашгийг тавдугаар сард олгоно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-17 14:47:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг өгөхөөр боллоо. 

Энэ талаар тус компанийн ТУЗ 100 хувь шийдвэрлэж, ирэх 4 дүгээр сарын 17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ, улмаар 5 дугаар сард хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараана гэж УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, "ЭТТ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр мэдээллээ. 


"ЭТТ" ХК-ийн ТУЗ нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилахаар шийдвэрлэснээр хувьцаа эзэмшигч нарт 96 мянган төгрөгийн ногдол ашиг очно. Ингэснээр тус компанийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг авах юм. 

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, "Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан дээрх шийдвэрийг энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлнэ. Мөн СЗХ-ны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно. Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой" гэв.  


Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор "ЭТТ" ХК ЕТТ гэсэн нэгдсэн бүртгэлийн шинэ аппликейшныг өнөөдөр мэдээллийн үеэр мөн танилцууллаа.  Хувьцаа эзэмшигч иргэд www.ett.mn сайтаар орж "нэвтрэх" гэсэн хэсэгт дарж регистрийн болон утасны дугаараа оруулах юм байна. Гар утасныхаа Playstore, App store-гоос "Эрдэнэс Тавантолгой" гэж хайгаад дээрх ЕТТ аппликейшныг татаж суулгана. 

Тус аппликейшныг анх удаа ашиглах гэж байгаа нөхцөлд "ногдол ашиг" хэсэгт дарж, регистрийн болон утасны дугаараа оруулан нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг бөглөнө. Ингэснээр иргэд хувьцааны тоо, ширхэг болон ногдол ашгийн хэмжээгээ харах боломжтой болох юм байна. Мөн данс шалгах хэсэг орж "ЭТТ" ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл регистрийн дугаараа оруулж үзнэ. 


Мөн данс нээлгэсэн үнэт цаас, брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болох нь. Ингэхдээ мөн "Үнэт цаасны компаниуд" гэсэн хэсэгт орж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй брокерын компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон дансаа нээлгэн үйлчлүүлэх боломжтой аж. 

Энэ бүхэн нь нөгөө талаар Засгийн газраас "COVID-19" корона вирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжсэн учир хувьцаа болон ногдол ашгийн мэдээллээ авах гэж иргэдийг олноор нэг дор цуглуулахгүй байх үүднээс ийнхүү онлайн хэлбэрт шилжиж байна гэж "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. 


"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хуртэл даваа гараг бүрийн 13.00 цагт тус компани хэвлэлийн хурал хийж, компанийн үйл ажиллагааны мэдээллийг өгөх юм байна. Иргэд мэдээллийг "ЭТТ"-н  цахим болон "1072" фэйсбүүк хуудас, мөн 1800-1072 утаснаас буюу албан ёсоор авах хэрэгтэйг анхааруулав. 

Тэрээр цааш нь мэдээлэхдээ, "Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Энд голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд байна. Одоогоор 1.1 сая иргэнийг бүртгээд байна. Малчдын 90 хувийг бүртгэсэн. Шинээр төрсөн 600 мянган хүүхдийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх эсэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана. Иргэдийн хувьцааны бүртгэлийг албан ёсоор хийж дуусгах ажлыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа ахлан ажиллаж байна" гэв.

"Иргэдэд ногдол ашиг тараахад нийт 200 орчим тэрбум төгрөг хуваарилна. Энэ шийдвэр сонгууль угтсан, улс төрийн шийдвэр биш. "ЭТТ" ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн" гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээллийн төгсгөлд онцлов. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ