Б.Ганхуяг: Иргэдийн эзэмшилд байгаа 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-17 17:05:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдсэн. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодрууллаа.

  

- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэр гаргалаа. Ногдол ашгийг хэзээ өгөх вэ?


- Компанийн тухай хуулиар ногдол ашиг олгох шийдвэрийг тухайн оны аудитлагдсан тайланг үндэслэн санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой.  Энэ дагуу бид ногдол ашиг өгөх шийдвэрээ гаргалаа. Уг шийдвэрийг тухайн оны 5 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж хэлэлцүүлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан энэ ондоо багтан олгоно.

Иргэд маань ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа нээлгэх ёстой. Одоогоор 1.9 сая иргэн дансаа нээлгэсэн, 600 мянган иргэн нээлгээгүй байна. Тэдний 250 мянга нь хүүхэд, 350 мянга нь гадаад улсад оршин суудаг иргэд байгаа юм. Хувьцааны дансаа дурын брокерийн компанид хандаж нээлгэх боломжтой. 


- Ногдол ашгийн хэмжээ хэдэн төгрөг вэ?


- Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 96 480 төгрөг авна гэсэн үг. 750 ширхэг хувьцаатай иргэн 67 500 төгрөг авна. Өөрөөр хэлбэл өөрт байгаа хувьцааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлэхэд тухайн иргэний ногдол ашгийн хэмжээ гарч ирэх юм.

Хувьцаагаа төрд зарсан, сургалтын төлбөр бусад зүйлд зарцуулсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 90 хувь орчим нь 741-ээс дээш тооны хувьцаатай байна.

Тэгэхээр иргэдийн гар дээр боломжийн хэмжээний ногдол ашиг очно гэсэн үг. Иргэдийн эзэмшилд байгаа 14.75 хувь буюу 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилагдана. 


- Иргэд ногдол ашгаа авахын тулд ЭТТ аппликейшныг татаж авч суулгах, хэрэглэх ёстой гэж та сая хэллээ. Энэ ямар учиртай вэ? 


- Бид хувьцаа эзэмшигчиддээ мэдээ, мэдээлэл хүргэх, хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, хянах, санал хүсэлтээ өгөх боломжтой нэгдсэн бүртгэлийн цогц системийг нэвтрүүлсэн. Энэ аппликейшн болон компанийн вэб сайтаар дамжуулан иргэд ногдол ашигтай холбоотой албан ёсны мэдээллийг авах боломжтой.

“Эрдэнэс-Тавантолгой” гэсэн нэртэй аппликэйшныг Апп стор, Плэй стороос татаж аваад регистрийн дугаараа оруулан нууц кодоо өөрөө зохиож нэвтэрч ороод бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй.

Энэ аппликейшныг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм. Мөн Эрдэнэс-тавантолгой ХК, 1072 хувьцаа мэдээллийн төв пэйж хуудсууд, 1800-1072 дугаараар холбогдож, мэдээлэл авч болно. 


- Энэ жилийн экспортын төлөвлөгөө ямар байгаа вэ. Олборлолт хэвийн явагдаж байгаа юу?


- Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тонн нүүрс борлуулаад байна. Төлөвлөсөн борлуулалт 1.3 сая тонн байсан нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрс тээврийн хилийн хоригтой холбоотойгоор  урьдчилан сэргийлэх эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хэдийгээр нүүрсний экспортыг зогсоосон ч манай уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэрээт газрууд маань нүүрсээ тодорхой хэмжээнд татан авч, Цагаан хад дахь гаалийн бүсэд буулгах ажил хэвийн явж байна. Мэдээж короновирустэй холбоотой хоёр улсад тогтоосон хорио цээр худалдан авагч, худалдагч аль аль талдаа нөлөөлж байна.


- "Эрдэнэс-Тавантолгой" энэ онд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?


-2020 онд улсын төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Энэ төлөвлөгөө өнөөдрийн гүйцэтгэлээр 80 хувьтай байна. 

Холбоотой мэдээ