Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн аян эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 11:51:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхлүүлж буй талаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  


Өнгөрсөн 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монголын төр засаг, олон нийтийн байгууллага, ААН, хувь хүмүүс тус тусын шугамаар БНХАУ-д тусламж үзүүлсээр байна. Тэгвэл энэ үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад тус аяны зорилго оршиж байгаа юм.



Хүмүүнлэгийн аяны ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Манай хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварт өвчин гарч нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл үүсээд байна. Энэ хүнд хэцүү үеийн даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэлийн дэм үзүүлэхээр өнөөдрөөс хүмүүнлэгийн аян эхлүүллээ. Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол манайд ирсэн гадаадын жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийг энэхүү хүмүүнлэгийн аянд нэгдэхийг уриалж байна” гэлээ.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Манай олон иргэн, байгууллага, ААН БНХАУ-д тусламж үзүүлэх санаачилга гаргаж байна. Хандивыг нэг сувгаар илүү зохион байгуулалттай, үр ашигтай байлгах үүднээс нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зөв гэж үзсэн. Хүмүүс тус тусдаа бус Төрийн банкны нэгдсэн дансанд хандиваа байршуулах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, НЗДТГМҮХАҮТ, БНХАУ-д төгсөгчдийн холбоо, АН зэрэг байгууллага тодорхой хэмжээгээр хандив өргөсөн байна. Саяхан Мюнхений аюулгүй байдлыг бага хурлын үеэр ДЭМБ-ын удирдлагатай уулзахад улс орон бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулалттайгаар авч чадвал хүндрэлийг даван туулах боломжтойг онцолсон. Тэр дундаа хөгжиж буй орнууд дор бүрнээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, зохион байгуулалтаа сайжруулахад анхаарах хэрэгтэйг хэлсэн. Манай улс Цагаан сарын баярыг тодорхой хязгаартай тэмдэглэх шийдвэр гаргасан нь ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж, шаардлагатай арга хэмжээг авч буйн нэг жишээ юм” гэв.



Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ”Манай улс БНХАУ-тай 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан боловсрол, дэд бүтцийн салбарт нэн шаардлагатай бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам зэрэг ашиглалтад орж, иргэдээс сайшаагдаж буй томоохон төслүүдийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд БНХАУ манайд 1 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн тоо бий. Хөрш оронд маань үүсээд буй хүнд нөхцөлд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” хэмээв. 


БНХАУ-д дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН Төрийн банкны 341303432597 тоот Хүмүүнлэгийн аян нэртэй дансанд хандиваа хийх боломжтой. Цугларсан хандивыг дэлгэрэнгүй мэдээллийн хамт 7 хоног бүр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хүлээлгэн өгч,  хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэх юм.





Холбоотой мэдээ