Г.Цэцэнсанаа: Амны хаалтын нийлүүлэлт хувийн хэвшлийн байгууллагын нуруун дээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-18 11:59:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэн тэргүүнд шаардлагатай байгаа амны хаалтын ханган нийлүүлэлт, хүрэлцээ хэр зэрэг байгааг сурвалжлахаар хөл хөдөлгөөн ихтэй Урт цагааны гудамжийг зорилоо.

Хамгийн эхэнд “Хонхондой” эмийн сангаар орвол, нэг удаагийн амны хаалт дуусаад удаж байна. “Мөнхийн тун” компани цагдаа, эмнэлгийн байгууллагыг амны хаалтаар хангана гэсэн ч захиалгат байгууллагуудаа хангаж чадахгүй байна гэсэн. Гэхдээ нэг байгууллагад 100 ширхгийг хуваарилдаг болохоор өдөржин дугаарлах шаардлагатай. Тиймээс авч чадахгүйд хүрч байна. Харин утааны эсрэг PM шүүлтүүртэй амны хаалт саяхан дууссан” гэдгийг тус эмийн сангийн дарга Б.Цэвээнхүү хэллээ.

Дараагаар нь “Гүн тулга” ХХК-ийн эмийн санд ороход амны хаалт, гар ариутгагч дууссан гэсэн бичиг тавьсан байлаа. Эмзүйч Б.Номин, “Манайх бөөний төвөөс амны хаалтаа авдаг. Гадуур зарж байгаагаас авах гэхээр үнэтэй байдаг. Бид ашиг олохын тулд 50, 100 төгрөг нэмж зарах хэрэгтэй болно. Тэгэхээр үнэ нэмж зарсан гэсэн гомдол гарна. Нэг удаагийн амны хаалт 200, утааны шүүлтүүртэй том хүнийх нь 3500, хүүхдийнхийг 3000 төгрөгөөр зардаг” гэв.

“Чигатуссин” ХХК-ийн эмийн сан утааны шүүлтүүртэй болон гараар оёсон амны хаалтыг 2500-3000 төгрөгөөр борлуулж байсан ч иргэд үнэтэй байна хэмээн шүүмжилж байлаа. "Манайх хувь хүмүүсээс амны хаалт худалдан авч байгаа. Манай улсад “Мөнхийн тун”, “Тун эрдэнэ” компани л үйлдвэрлэдэг. Уг компани амны хаалт үйлдвэрлэж байсан боловч түүхий эд байхгүй учир одоо үйлдвэрлэхээ больсон гэсэн. Нэг удаагийн амны хаалт өнөөдөр өглөө 9 цагийн үед 2000 ширхэг ирсэн. Хүмүүс гэр бүлийнхээ хэрэгцээнд 10, 20-ыг, байгууллагын нэр дээр 100, 200-гаар нь аваад дууссан. Манайх хувь хүнээс авсан учир ширхгийг нь 800-гаар зарсан. Иргэд 50 төгрөгөөр худалдаж аваад 800 төгрөгөөр зарж байгаа мэтээр ойлгодог” хэмээн тус эмийн сангийн эмзүйч Ж.Жаргал ярилаа.



Иргэдээс амны хаалт, гар ариутгагчийн хүрэлцээ, олдоц хэр байгаа талаар асууж сонирхоход, “Эмийн сангаас ороод асуухаар амны хаалт өглөө ирээд дуусдаг гэсэн. Тэгэхээр өөрөө хийж зүүдэг юм билүү гэж бодож байна. Мэддэг байгууллага нь анхаарч үзээсэй” гэж байв.



Харин ЭМЯ-наас ямар хариу арга хэмжээ авч ажиллаж буй талаар тус яамны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаагаас тодруулахад, “Манайх албан ёсоор амны хаалт үйлдвэрлэдэг ганц хоёрхон үйлдвэртэй. Тэдгээр үйлдвэр ханган нийлүүлж байгаа ч түүхий эд дуусах асуудал тулгарч байна. БНХАУ, БНСУ-аас түүхий эдээ авдаг. Татан авалтад зарим нэг хүндрэл гарч, хугацааны хувьд оройтох, саатах асуудлууд байна. Үүнээс гадна эм ханган нийлүүлэх байгууллагууд бүгд хувийн хэвшилд шилжсэн. Тиймээс амны хаалтын нийлүүлэлт 100 хувь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нуруун дээр байна. Энэ байгууллагууд гадаадын түншүүдтэйгээ холбогдон амны хаалт худалдан авах ажлыг шат шатандаа хийж байна. ЭМЯ-наас бүх ханган нийлүүлэх байгууллагатай уулзаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, гар ариутгагч зэрэг бүх шаардлагатай хэрэгсэл эмээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагаа хангаж ажиллах үүрэг, чиглэл өгсөн. Манай гол түнш БНХАУ энэ нөхцөл байдлын голомт учир амны хаалт болон түүхий эд үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжөө гадагшаа гаргахгүй гэсэн бодлого барьж байгаа юм билээ. Зөвхөн БНХАУ төдийгүй ОХУ, Турк, Казахстан, БНСУ цаашлаад Европын холбооны улсууд руу хандаж байна. Гэхдээ ОХУ, Турк улс амны хаалтын экспортоо хязгаарласан учраас Европоос орж ирж буй түүхий эд, амны хаалтыг өндөр үнээр худалдаж авах гээд байна. Мөн бид зөвхөн гадуур зарж буй амны хаалт авч зүүхээс гадна иргэддээ гарын доорх материалаар оёод зүүгээрэй гэсэн зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс өгч байна” гэсэн мэдээллийг өгөв.


П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ