"КОЙКА"-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-23 14:16:15

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёль-ийг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёль УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон бусад албаны хүмүүст Монгол Улсад ажиллаж байх үеийн гурван жилийн хугацаанд туслалцаа, дэмжлэг үзүүлж байсанд талархлаа илэрхийлэв. Мөн тэрээр шинээр томилогдсон КОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч даргыг танилцуулаад удахгүй шинээр ирэх суурин төлөөлөгчийг дэмжин ажиллахыг хүсэв.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийг УИХ-ын Тамгын газрын хүсэлтээр төсөл заасан хугацаанаас өмнө гүйцэтгэж дуусгасанд талархал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий даяар цахим парламент хөгжүүлэх талаар ид яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” энэ чиг хандлагаас хоцрохгүйг чармайж, мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэлээ.

Энэхүү төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын санал хураалтын систем болон дүрс бичлэгийн камеруудыг сольж, Байнгын хороодын хуралдааны танхимд санал хураалтын систем болон камерууд байрлуулсан төдийгүй парламентын сэтгүүлчдийн өрөөг бүрэн тоноглож дуу, дүрс бичлэг хийх боломжтой болгосон юм.

Уулзалтад КОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Вон Жи Ён, УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд