“Эрдэнэт үйлдвэр” өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-18 18:50:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас эмч, онцгой байдлын албан хаагч, үйлдвэрийн диспетчерийн бүрэлдэхүүнтэй 24 цагийн ажиллагаатай баг байгуулан үйлдвэрт нэвтэрч байгаа ажилчдын биеийн дулааныг хэмжих, ХАБЭА-н зааварчилгаа өгч эхэллээ.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх зорилгоор 10 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэх бодис нэмж нөөцөлсөн байна.

Энэ талаар тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд хэлэхдээ, “Манай ажилчид шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сайтай байгаа. Бид Германы сүүлийн үеийн технологи ашиглаж зарлан мэдээлэх системийг ашигладаг.

Дотоод сүлжээгээрээ дамжуулан 6600 хүний гар утсанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэж байгаа. Мөн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын гишүүн учраас цаг үеийн мэдээллээр хамт олноо шуурхай хангаж, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж ажиллаж байна” гэв. 

Ташрамд дурадахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон улсын стандартын ХАБЭА-н удирдлагын “ISO 45001:2018” тогтолцоонд шилжин ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд үйлдвэрийн ХАБЭА-н журмуудыг шинэчилж, бүтцийн нэгжүүдэд энэ чиглэлээр манлайлал, оролцооны шинэ арга хэлбэрүүдийг амжилттай нэвтрүүлж ажиллаж буй.


Холбоотой мэдээ