Афганистаны Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-19 11:22:58

МОСКВА. /TASS/. Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн тус улсын Ерөнхий сайд Абдулла Абдулла сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Өнөөдөр би Афганистаны ард түмэнд дараах илгээлтийг хүргэж байна. Бид биометрийн ил тод санал хураалтын үндсэн дээр сонгуульд ялсан гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Маргаан бүхий саналуудын талаарх шийдвэр хууль бус байсан” гэж Абдулла мэдэгдсэн байна.


“Бид хуурамч үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ялснаа зарлаж байна. Бид эвслийн Засгийн газар байгуулна. Ардчилал, шударга ёсонд итгэдэг эх орон нэгтнүүддээ хандан биднийг дэмжихийг уриалж байна. Бурхан манай орныг хамгаалах болтугай” гэж тэрбээр мэдэгджээ.


Үүнээс өмнө Афганистаны одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани төрийн тэргүүний сонгуульд ялснаа албан ёсоор зарласан байна. Тус улсын Хараат бус сонгуулийн хорооны эцсийн мэдээллээр, Гани сонгогчдын 50.64 хувийн саналыг авсан байна. Санал өгөх эрхтэй бөгөөд санал хураах байруудад ирсэн 923 мянга гаруй иргэн түүний төлөө саналаа өгчээ. Хоёрдугаарт 39.52 хувийн санал авсан Абдулла Абдулла, түүний дараа Ерөнхий сайд асан, Афганистаны можахедуудын удирдагч асан Гульбеддин Хекматияр 3.85 хувийн саналтайгаар орсон байна.


Афганистаны ерөнхийлөгчийн сонгууль есдүгээр сарын 28-нд болсон юм. Саналын хуудсыг тоолохдоо тус улс анх удаа биометрийн технологийг ашигласан учраас сонгуулийн дүнг нэгтгэх ажил хэдэн сараар удааширчээ.


Холбоотой мэдээ