Их аварга Д.Дагвадорж эмнэлгийн хамгаалалтын хувцас хэрэглэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-20 15:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх, олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэл хандивласныг түүний туслах Д.Долгормаа өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Тэрбээр эдгээр хамгаалалтын хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо өөрийн цахим хуудсаараа мэдээлж байсан юм. Д.Долгормаа, “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Тиймээс иргэн бүр ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэж байна. Д.Дагвадорж аварга ажил ихтэй байсан тул өөрийн биеэр ирж чадаагүйд хүлцэл өчье” гэсэн юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах, орчин үеийн хувцас хэрэглэл нэн шаардлагатай байгааг хэлээд Асашёрюү Д.Дагвадоржид талархаж буйгаа илэрхийлсэн юм.

П.Хүслэнтуяа




Холбоотой мэдээ