Анх удаа "Оны шилдэг үг"-ийг шалгаруулав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-20 17:06:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголоо шинэчилье" клуб, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд санаачлан анх удаа 2019 оны “Шилдэг үг” шалгарууллаа.

Бүх нийтээрээ тухайн оны үйл явдлуудыг эргэцүүлэн бодож, сайныг нь тодруулан товойлгох замаар саарыг ариусган, ирэх жилдээ гэрэл гэгээтэй, хөгжил дэвшилтэй байхыг бэлгэшээх зорилгоор энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулжээ.


Ёслолыг нээж Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлэхдээ, “Ард түмэн юуг хүсэж, юуг мөрөөдөж, ямар утгатай үгэнд дуртай байна вэ гэдгийг тодруулахаар шийдсэн. Олон нийтийн сүлжээ, радио телевизээр зарласны үр дүнд ард иргэд маань маш олон үг ирүүлсэн. Тэдгээрээс хамгийн олон давтагдсан нь эдгээр үг байгаа юм. Тиймээс ард түмэн жилийн турш хэлж, сэтгэлдээ санаж явах юм бол буруудахгүй гэж бодож байна. Ялангуяа төр засгийнхан анхаарч, ард түмэн ийм л зүйл хүсэж байгаа юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээв.

“2019 оны шилдэг үг" шалгаруулах уралдаанд 800 гаруй санал ирүүлснээс Монголын текстилийн салбарын инженерүүд, эрдэмтдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Амарзаяагийн “Гэгээрэл ба шударга ёс” үг шилдгээр нэрлэгдсэн байна.


Гэгээрэл гэсэн үгийг “Шашин улс төр, нийгмийн зүтгэлтнүүд амар тайван нийгмийг цогцлоохын төлөө олон түмнийг сайн үг, сайн үйлдэл, сайн үйлсээрээ манлайлан дагуулах ёс зүйтэй үйл ажиллагаа” хэмээн тодорхойлжээ.

Шударга ёс гэж тэгш, ил тод, зөв байхыг хэлнэ. Хууль зүйд шударга ёсыг бүх хүн хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй байж хуулийг ягштал мөрдөхийг хэлнэ хэмээжээ. Мөн шударга ёс нь хууль, хувь хүний эрх ба үүрэг, эрх чөлөө зэрэгтэй нягт холбоотой гэжээ.

“Гэгээрэл ба шударга ёс” нь агуулга талаасаа “2020 оны хулгана жилд хүн бүр, улмаар нийгмээрээ гэрэл гэгээтэй байж шударга ёсыг цогцлоосноор амар тайван, итгэл төгс Монгол орон маань улам хөгжин дэлгэрэх болно” хэмээн илэрхийлсэн байна.

“Оны шилдэг үг”-ийг шалгаруулах сорилгыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ