Д.Нямхүү: Италиас өнөөдөр өглөө ирсэн Монголын 6, Италийн 2 иргэнийг тусгаарласан

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-02-26 12:39:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн сэжигтэй гэгдэх нийт 61 хүнийг ажиглаж байна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-наас хийдэг ээлжит цаг үеийн мэдээллийн үеэр өнөөдөр 11.00 цагт мэдэгдлээ.  

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, "Та бүхэнд өчигдөр орой 21.45 цагт цаг үеийн мэдээлэл өгснөөс хойш "COVID-19"-ийн өвчлөл нэмэгдсээр байна. Тухайлбал, БНСУ, Иран, Итали, Япон, АНУ-д нэмэгдэж байна. БНХАУ-д байдал харьцангуй тайван байгаа хэдий ч нас баралт сүүлийн 3 хоногийнхоос нэмэгдээд байна. "COVID-19"-ийн өвчлөл дэлхий нийтэд өндөр тархалт бүхий эрсдэлтэй байна" гэв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөө өглөөний буюу 26-ны 09.00 цагийн байдлаар 80.809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан. БНХАУ-аас гадна дэлхийн 36 оронд 2616 тохиолдол батлагдаж, 41 хүн нас бараад байна. Шинээр Алжир, Хорват, Австрид анхны халдвар бүртгэгдээд байна. Өвчлөлийн тархалт сүүлийн өдрүүдэд Иран, БНСУ, Италид эрчимжиж байна.  


Италид 322 тохиолдлоос 11 нь нас барсан. БНСУ-д 274 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 169 тохиолдол нэмэгдэж 1146 тохиолдол болж нас баралт нэг хүнээр нэмэгдээд байна.

Харамсалтай нь Монгол Улсын нэг иргэн өчигдөр БНСУ-д нас барсан" гэв. Тэрээр АНУ-ын Өвчин судлалын төвөөс өчигдөр гаргасан мэдээнд, яваандаа тус улсад "COVID-19"-ийн халдвар хүн амын дунд тархаж эхэлнэ гээд, энд уг өвчлөл тархах эсэхдээ бус, харин хэзээ тархах вэ гэсэн цаг хугацааны асуудал болоод буйг дурдсан байна гэв.

БНХАУ-д өнөөдөр нийтдээ 406 шинэ тохиолд бүртгэгдсэнээр 401 нь Хубэй мужид шинээр бүртгэгдсэн байна. Тус мужаас гадна халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн бага тоо болж байгаа аж. Энэ нь БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үр дүнгээ өгч, халдварын тоо буурсаар байгааг ДЭМБ-ын мэдээнд дурдсан байна. 

Манай улсын хувьд 2 дугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, Орхон аймагт 1 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ. Хоёрдугаар сарын 25-ны байдлаар:

  • Төв аймаг, Цээл суманд 1 иргэн,
  • Багануур дүүрэгт 2 иргэн,
  • Орхон аймагт 1  иргэн,
  • Баян-Өлгий аймагт мөн 1 иргэн, нийт 5 хүнийг сэжигтэй тохиолдолтой иргэдийг тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээ хийж байна гэв. 


БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад байгаа хүмүүсээс: ХӨСҮТ 6, "Асралт Мед" эмнэлэгт 37, аймгуудад 10, нийслэлд гэрт нь 8 хүнийг тусгаарлаж, нийт 61 хүнийг ажиглаж байна.

Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор Итали улсын Милан хотод болсон загварын шоунд оролцоод ирсэн, Монгол Улсын 6 иргэн, Италийн 2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчийн үзлэг шинжилгээнд хамруулан хяналтад оруулаад байна. БНСУ-аас ирээд Баян-Өлгий аймаг руу шууд ниссэн гадаадын хүмүүсээс нэг нь халуурсан шинж тэмдэгтэй байгаа тул мөн тусгаарласан гэв. 


-Өвчний тохиолдлын сэжигтэй иргэнийг сумын эмнэлэгт тусгаарлаж болж байгаа юм уу?

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: -Төв аймгийн Цээл суманд, БНСУ-д аяллаар яваад ирсэн бага насны хүүхэд халуурсан гэсэн мэдээллийн дагуу түүнийг ээжийнх нь хамт ХӨСҮТ-өөс шинжилгээ авч сумын эмнэлэгт тусгаарлаад байгаа. Сумын эмнэлгүүдэд ХӨСҮТ-ийн 5 ор байдаг. Нэгэнтээ шинжилгээг нь ХӨСҮТ-өөс авсан, мөн сумын эмнэлэг өвчтөнгүй, хоосон байгаа учир тэнд нь тусгаарлаад байна. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна гэв. 


Б.Болд


Холбоотой мэдээ