ХӨСҮТ: “Ковид-19” халдварын сэжигтэй 4 хүнийг тусгаарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-27 12:48:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ковид-19 халдвар дэлхийн таван тив, 41 орныг хамарч байна. БНСУ, Япон, Итали зэрэг оронд халдвар эрчтэй тархсаар байна" хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангарэл өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр, “Ковид-19 халдвар, ялангуяа БНСУ-ын Тэгү хотод халдвар голомтлон тархаж байна. Тиймээс иргэд амны хаалт тогтмол зүүх, дархлаагаа сайжруулах, архаг өвчтэй хүмүүс биеийнхээ байдлыг сайжруулах зэргээр хүн бүр дор бүрнээ бэлэн байдлыг хангах цаг үе ирснийг дахин дахин сануулж байна" хэмээв.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2 дугаар сарын 27-ны 9.00 цагийн байдлаар, БНХАУ-д “Ковид-19” халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо 78 497-д хүрлээ. Өчигдөр БНХАУ-аас гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо тус улсад гарсан шинэ тохиолдлын тоог анх удаа давсан. БНХАУ-д өчигдөр 52, өнөөдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 28-наас хойш хамгийн бага үзүүлэлт болж байна. БНХАУ-аас гадна шинээр Бразил, Норвег, Гүрж, Пакистан,  Грек, Румын зэрэг улсад бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд “Ковид-19” халдварын тархалт БНСУ, Итали, Иран зэрэг улсад голомтлон тархаж байна. Италид  тохиолдлын тоо 400-д хүрч, 12 хүн нас барсан.  БНСУ-д өчигдөр 334 тохиолдлоор нэмэгдэж, 1595 болж, 13 хүн нас барсан байна. БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анх батлагдсан тохиолдол мэдээлэгдсэнээс хойш хамгийн өндөр тоо болж байна. Шинэ тохиолдлын 307 нь  Тэгү хотод бүртгэгдсэн. Италийн 11 хотод хөл хорио тогтоожээ. ДЭМБ, Европын өвчин судлалын төвийн хамтарсан баг хариу арга хэмжээнд тусламж үзүүлэхээр өчигдөр Ром хотод очсон байна. Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн. Ираны ерөнхийлөгч дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоохоор төлөвлөөгүй талаар мэдэгдсэн.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын өчигдрийн хуралдаанаар нэмэлтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын санхүүжилтийг шийдсэн. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тусгаарлах байр бэлтгэх, боомтоор орж ирж буй иргэдийг ажиглалтад авах ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн. Онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон, Италиас эх орондоо ирж буй иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан. Дорнодод 5 иргэн, Замын-Үүдэд 104,  Жаргалантын сувилалд 17, Асралт мед эмнэлэгт 37, Архангай, Орхон, Дархан, Хөвсгөл, Баянхонгор аймагт тусгаарлан ажиглах шаардлагатай иргэд байгаа. Өнөөдөр Турк, Тайландын нислэг орж ирж байна. Дараагийн нислэгүүдээр голомттой улс орноос ирж буй иргэдийг тусгаарлан сэргийлэх ажлыг зохион байгуулах эмнэлэг, тусгаарлах өрөөг бэлдсэн. Алтанбулагийн хилээр Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл байгаа учир Алтанбулаг, Дархан-Уул аймагт тусгаарлах өрөөг бэлдсэн.


Монгол Улсад шинэ коронавируст халдвар бүртгэгдээгүй ч ХӨСҮТ нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авах, тандалт судалгааны ажил хийжээ. Одоогийн байдлаар нийт 242 иргэнийг ажиглалтад авч, хянасан байна. Нийт 172 хүнд лабораторийн шинжилгээ хийж,  тусгаарлан “Ковид-19” халдвар илрээгүй гэдгийг тодорхойлжээ. Мөн уушгины  хүнд, хөнгөн хэлбэрийн хатгалгаатай  60 хүнд “Ковид-19” вирусийг илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр тусгаарлагдсан Багануур дүүргийн хоёр, Төв аймгийн Цээл сумын нэг, Орхон аймгийн нэг, Баян-Өлгий аймгийн нэг, нийт 5 хүний шинжилгээний хариу гарч, коронавируст халдвар илрээгүй. БНСУ-д зорчоод ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-д 6, Асралт мед эмнэлэгт 37, Улаанбаатар хотод гэрт нь найман хүнийг тусгаарласан 51 хүний шинжилгээнээс вируст халдвар илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол 2, Налайх дүүрэгт  1, Орхон аймагт 1, нийт 4 тохиолдлыг тусгаарлан, судалгаа шинжилгээ хийж байна. Мөн өнөөдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсийн заримыг тусгаарлах ажиллагаа явагдаж байна.

Шинэ коронавирус Монгол Улсад ороод ирэхэд нь оношилж чадах ч эмчлэхэд төвөгтэй. Өвчтөний нас, дархлааны байдал, хувь хүний биеийн онцлогоос ихээхэн хамаарч, эмчилгээнд нь ямар их хөрөнгө зардал гарч байгааг та бүхэн гадны хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол урьдчилан сэргийлэхийн төлөө хүн бүр хичээн ажиллах ёстой.

 


Холбоотой мэдээ