ЭМЯ: Одоогоор 302 хүний биеийн байдлыг хянаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдлуудыг энэ сарын 19-нөөс тусгаарлан ажиглалтад авсан. Одоогоор 302 хүнийг ажиглалтад авч, биеийн байдлыг хянаж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол дахь ДЭМБ-ын
мэргэжилтэн О.Ариунтуяа: Энэ сарын 28-ны 9 цагийн байдлаар, БНХАУ-д 327 шинэ тохиолдол, 2 788 нас баралт бүртгэгджээ.
Ингэснээр нийт 78 824 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс гадна 46 улсад 3 664 тохиолдол
гарч, 56 хүн нас баржээ. Дани, Итали, Иранд шинээр коронавирусний халдвар
бүртгэгдсэн. Коронавирус нь томуугийн
вирус биш тул тархалтыг хязгаарлах боломжтой. БНХАУ-ын дорно өмнөд захын муж Гуандунд
2 020 сорьц авахад зөвхөн 0.14 нь коронавирусний халдвар илэрсэн байна. Энэ нь хязгаарлалт хийх
боломжтойг харуулж байгаа юм. Гэвч улс орон, үндэс угсаа, шашин шүтлэг, хөгжлийн түвшин хамаарахгүй,
тархах боломжтой. Тиймээс манай улс сэрэмжээ алдахгүй, бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.
Өнөөдөр ХӨСҮТ, ДЭМБ-ын Номхон далай, баруун бүсийн долоо хоног тутмын видео хурал болно. Энэ талаар Эрүүл мэндийн сайд
Д.Сарангэрэл мэдээлэл удахгүй хүргэнэ.
ОБЕГ-ын Гамшгийн
шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгор: Засгийн
газар, Улсын онцгой комисс нийт 7 удаа хуралдсан. Хилийн хориг тавихаас өмнө
голомттой бүс нутгаар дамжин нислэгээр
ирсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаад байна. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа халдвар
судлалаас урьдчилан сэргийлэх төв, Асралт мед гэсэн эмнэлэгт хуваарилан
тусгаарлаж байгаа. Зардлыг хувь хүн өөрөө төлөхөөр зохицуулж байна. ОБЕГ-ын
харьяа халдвар судлалаас урьдчилан сэргийлэх төвд 2 дугаар сарын 23-нд Бусан-Улаанбаатар
чиглэлийн онгоцоор ирсэн 17, БНХАУ-д айлчилсан нисэх бүрэлдэхүүний 11, БНСУ-аар
дамжин ирсэн 13, нийт 41 хүнийг ажиглалтад орууллаа. Тэдний биеийн байдал
хэвийн байна. БНСУ, Япон улсын хоёр
талын нислэгийг 3 дугаар сарын 11-нийг хүртэл цуцалсан. Берлин, Москва, Астана
чиглэл дэх нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар ЗТХЯ, ГХЯ, МХЕГ-тай хамтран
ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх,
эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг амралт сувиллын газруудад үүрэг
өгч байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий
захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д энэ сарын 26-нд тусгаарлагдсан 2, Налайх
дүүрэгт 1, Орхон аймагт 1, нийт 4 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч,
коронавирус илрээгүй. Энэ сарын 27-ны өдөр Хөвсгөлд 4, Дорнодод 1, сэжигтэй 5
тохиолдлыг тусгаарлаж тандалт судалгаа шинжилгээ хийж байна. ХӨСҮТ-д 27, Цэргийн
төв эмнэлэгт 74, Жаргалантад 11, Сэлэнгэ аймагт 12, нийт 124 хүнийг ажиглалтад
авсан. Өчигдөр Япон улсаас 2000 коронавирусний оношлуурыг хүлээн авсан.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Голомт бүс нутгаас 14 хоногийн дотор ирсэн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлаж байна. Харин ажиглалт гэдэг нь өөрөө өөрийгөө хянахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажиглалтад байгаа иргэдийг 14 хоногийн турш хүн бүрээс шинжилгээ авалгүйгээр, өдөр бүр хяналтын хуудас бөглүүлэн хянаж байна. Хэрэв халуурах, ханиалгах, ямар нэгэн эмнэлзүйн бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д яаралтай мэдэгдэнэ. Ийм хүнийг тусгаарлана гэсэн үг. “ABC “зочид буудалд байсан БНСУ руу зорчоод ирсэн хүмүүсийг ажиглалтад авсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнийг дагаж явсан бүх хүнийг тусгаарласан. “Ковид-19” халдварт ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд өртөх магадлалтай тул эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамгаалах хэрэгтэй байна.
Д.Содгэрэл