НҮБ-ын ажилтнууд Монгол Улсад нэг өдрийн цалингаа хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-28 14:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын бүх салбар байгууллагад ажиллаж буй албан хаагчид Монгол Улсад нэг өдрийн цалингаа хандивлах болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.


Тэрбээр өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг өнөөдөр хүлээн авч уулзсан. Уг уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудад товч мэдээлэл өгөхдөө дээрх хандивын талаар онцолсон юм.


Тэрбээр, “Монгол Улс COVID-19 тархах эрсдэлтэй орнуудын нэг. Тодруулбал, вирусний халдвар анх тархсан БНХАУ-тай 4700 км газар нутгаар хиллэдэг. Түүнчлэн вирус эрчимтэй тархаж буй БНСУ-д Монголын 49 мянган иргэн амьдарч байгаа юм. Уулзалтын үеэр COVID-19 Монгол Улсад тархахаас сэргийлэхээр ажиллаж буй төрийн албан хаагчид, эмзэг бүлгийнхэнд зориулж 500 мянган амны хаалт олгох хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчид тавьсан. Энэхүү хүсэлтийг минь хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ Суурин төлөөлөгч хэлсэн. Түүнчлэн НҮБ болон ДЭМБ-аас Монгол Улсад нэн шаардлагатай оношлуур болон бусад тоног төхөөрөмж, эм хандивлахаар жагсаалт гаргаж байгааг дээрх хоёр байгууллагын төлөөлөгч хэллээ” гэв.

Холбоотой мэдээ