БОЭТ-д тусгаарлагдсан хүмүүс гэртээ гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-02-28 19:27:36

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь БОЭТ-д тусгаарлагдаад байсан дөрвөн иргэн өнөөдөр гэртээ гарч байна. Дээрх иргэд Баянхошуу боомтоор энэ сарын 4, 5-нд орж ирсэн юм. Тусгаарлах хугацаанд иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй гэж ЭМГ-аас мэдээлэв. Улс орон даяар хөл хориог сунгасантай холбоотойгоор ажлаасаа түр чөлөө авч хотоос болон өөр аймгуудаас ирсэн гэх шалтгаантай иргэд аймгийн Онцгой комисст олноор хандаж байгаа учир “нэвтрүүлэх боломжгүй” гэсэн албан тоот хийж өгч байна. Харин ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан, яаралтай эмчилгээ, төрийн алба хаагчийн зайлшгүй томилолттой цөөн иргэдэд зөвшөөрөл олгохоор зохицуулжээ.

БНСУ-аас энэ сарын 19, 20-нд Монголд ирсэн иргэдээс 13 нь Дорнод аймгийн харьяат юм. Тэднээс нэг нь Дорнодод ирмэгцээ Петро Чайна Дачин Тамсаг компани руу ажилдаа явсан байсныг цаг алдалгүй авчирч, торгуулийн арга хэмжээ ногдуулжээ. Бусад нь өрхийн эмнэлгийнхээ хяналтад гэрийн хорио цээрийн дэглэмд байна.

Ташрамд дуулгахад, Петро Чайна Дачин Тамсаг компанид ариутгалын пункт барих үүрэг өгсөн гэж МХГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ