Ард Аюушийн түүхэн тэмцлийг дэлгэрүүлэн судлахыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-27 12:27:44

"Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл" эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Үндэсний түүхийн музейн хурлын танхимд боллоо.

Тус хуралд “Ховд” их сургууль, ШУА-ийн Түүх археологи, Хэл, зохиолын хүрээлэн, МУИС, Монголын Үндэсний музейн судлаач эрдэмтэд Ард Аюушийн амьдрал, тэмцлийн талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Нээлтэд “Ард Аюуш” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцож, түүний эрх чөлөөт тэмцлийн талаар эргэн дурсаж, судалгааны сүүлийн үеийн ололт, амжилтыг хэлэлцэж буй эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ. Тэрбээр түүхэнд мөнхөрсөн энэ хүний үр садынх нь үргэлжлэл гэдгээрээ бахархаж явдгаа хэлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, “Монголчууд бид харийн эрхшээл засаглалын дор улс төрийн хязгаарлагдмал эрхтэй, эдийн засгийн байнгын дарамттай толгой гудайн явсан харуусалт цаг эдүгээгээс тийм ч хол биш билээ. Харийн эзэрхийлэлтэй зэрэгцэн хамжлагат ёсон хэмжээлшгүй ноёлж ард олныг чөдөрлөн тушиж байсан тэр бэрх цагийн хуулийн заалт эрх зүйн хүрээнд заалдан тэмцэлдэж, ялалт байгуулж чадсан гавьяат үйлийг бүтээсэн хүн бол бидний өндөр өвөг Ард Аюуш билээ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө шударга ёс, тэгш эрхийн төлөө тэмцэнэ гэдэг хялбар зүйл байгаагүй. Зориглон хөдөлсөн нэг нь тэмцэл заргаасаа няцах, тэвчээр алдан зэвсэг агсан боссоноос болж түмний хөвгүүдийг хөлдөө чирэх явдал гарч байв. Тэгвэл Ард Аюуш тэр дундаас алсын хараатай хөдлөхдөө зөвхөн хуулийн заалтыг ярьж, тухайн цагтаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хамжлагат ёсны хязгаарлагдмал эрх зүйн зохицуулалтын хүрээнд тэмцэж, улмаар ялж чадсанаараа гайхагддаг билээ. Хамжлагат ёсны хууль эрх зүйн хүрээнд шударга бустай тэмцэж, ялан дийлж чадсан Ард Аюушийн амьдрал тэмцлийн түүхэн сургамжийн ач холбогдол өнөөдөр улам бүр үнэ цэнэтэй болж байна. Түүний тэмцэж явсан, дийлж чадсан бодит жишээ, алдар гавьяа, нэр төр бүдгэрэх ёсгүй” гэв.

Тус хуралд доктор М.Ганболд Ард Аюуш судлалын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар, доктор Да.Эрдэнэбат Ард Аюушийн дүр кино, гэрэл зураг, архивын баримтад хэрхэн үлдсэн талаар, доктор Д.Сүхбаатар Аюушийн “Ард” хэмээх алдрын талаар, доктор Д.Базардорж түүний төрсөн оныг нягтлан судалсан талаар тус тус танилцуулсан юм.

Судлаачид тус эрдэм шинжилгээнй хурал нь Ард Аюуш судлалыг хөгжүүлэх, судалгааны сүүлийн үеийн ололтыг танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дэлгэрүүлэн судлах зүйл их буйг хэлж байна.

Тус хурлыг “Ард Аюуш” сангийн санаачилгаар Монголын Үндэсний музей, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулав.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ