"Банк оф Чайна"-аас Монгол Улсад шинэ коронавирустэй тэмцэхэд зориулж хандив өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2020-04-01 13:35:30
@ShoovdorBatbold

Бээжин. /Жэнминь Жибао/ Монгол Улсад шинэ төрлийн коронавирустай тэмцэх, эмнэлгийн хамгааллын хувцас хэрэглэлийн дутагдал үүссэн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Банк оф Чайна"-аас эмнэлгийн хамгааллын хувцас хэрэглэл хандивлахаар болсон хэмээн тус банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ. Хандивт эмнэлгийн зориулалттай амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил зэрэг нэн чухал шаардлагатай зүйлүүд багтсан байна. 


"Банк оф Чайна" нь дан ганц Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс оронд ч мөн адил тусалж хандивын үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм байна. "Банк оф Чайна"-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь "Хятад Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн сан"-тай хамтран тус банкны төв оффисын нэгдсэн зохион байгуулалт болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэг дор Монгол Улсын онцгой комисстой холбоо тогтоон хандивын тээвэрлэлт, хил гаалийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан хандивын бүтээгдэхүүнүүдийг "Банк оф Чайна"-ын Шанхай салбараас бэлтгэж дууссан ба Монгол Улс руу тээвэрлэлт хийхээр бэлтгэж байгаа ажээ. 


Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Хятадын арилжааны банкны хувьд "Банк оф Чайна" нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн төрөлхтөний хамтдаа тэмцэж буй энэхүү аюулт өвчний эсрэг дотоодын бүхий л нөөц бололцоогоо ашиглан эрүүл мэндийн салбарт нэн яаралтай шаардлагатай байгаа хамгаалалтын хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг худалдан авч бэлтгэн, улс орнууд руу тусламжаар илгээн  ажилласаар байна. 


Хүн төрөлхтөн уул усаараа тусгаарлагдан салангид оршин амьдарч буй боловч нэг л нарны цацраг дор нийтээрээ хамт оршин тогтнож буй билээ. БНХАУ-д тохиосон хамгийн хүнд хэцүү цагт, Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд шинэ төрлийн коронавирустай тэмцэх ажилд гүн туслалцаа дэмжлэг үзүүлж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны айлчлал хийн томоохон сэтгэлийн дэмийг өгсөн нь зовох цагт нөхрийн чанар танигдахын жишээ болж хоёр орны бат бөх эв найрамдалт харилцааг илтгэсэн томоохон үйл явдал болсон юм.


Тиймээс Монгол Улсад шинэ төрлийн коронавирус илэрснээс хойш Хятад улсын зүгээс тусламжийн гараа сунган бүх төрлийн хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, хоёр орны эрүүл мэндийн салбарын харилцааг улам бүр бэхжүүлсээр байгаа бөгөөд дэлхий даяар тархсан энэхүү аюулт өвчинтэй хамтдаа тэмцэж, даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. 


Холбоотой мэдээ