Зорчигчдын галт тэргийг 2 цаг тутамд ариутгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-05 13:20:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад төмөр замаар өдөрт 8 мянган хүн зорчдог. Орон нутгийн галт тэргээр нэг удаад 600-700 хүн зорчиж байна. Тиймээс Монгол-ОХУ-ын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг "COVID-19" халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс төмөр замын тээврээр зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг сахин ажиллаж байна. 

Тодруулбал, зорчигчдын халууныг 2 тутамд хэмжин үзэж, тандан судалгааны асуумжийг зорчигч нэг бүрээс авч байна. Орон нутгийн чиглэлийн нэг галт тэрэг гэхэд дунджаар 7 цагийн турш зорчдог. Тиймээс аяллын хугацаанд Төмөр замын эмнэлгээс лабораторийн эмч, сувилагч 3-5 хүн нар томилогдон ажиллаж зорчигчдын бие, эрүүл мэндийг тогтмол үзэж байна. 


"COVID-19"-ийн голомтын бүс болоод буй Япон болон БНСУ зэрэг улсаас манайд галт тэргээр гадаад, дотоодын зорчигчид ОХУ-аар дамжин ирэх нь их болж байгаа нь эрсдэл дагуулсаар байгаа юм. Ийм нөхцөлд, нэг дор олон хүн зорчиж буй тул ариутгал, халдваргүйжүүлэлтийг галт тэрэг, вагон бүрт тогтмол хийж байна. Вагон бүрт чийгтэй цэвэрлэгээг ариутгалын бодисоор 2 цаг тутам хийж буйг Вагон депогийн галт тэрэгний дарга Б.Оюунтогтох хэлэв. 

Тэрээр, "Манайх өртөө бүрт вагоныг бүрэн ариутган халдваргүйжүүлж байна. Галт тэрэг дотор, вагон хооронд зорчигчдыг явуулахгүй болсон. Чиглэл бүрийн галт тэрэгт 100 зорчигчийг халдвараас сэргийлэх нэг удаагийн хамгаалалтын хувцсаар хангаж нөөцөлсөн" гэв. 


Түүнчлэн УБТЗ-ын ажилтнууд өдөр бүр олон зорчигчтой нүүр тулан харьцдаг тул ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалтыг УБТЗ өөрсдөө хийж, өдөрт 300 ширхгийг хангаж байна. Хамгаалалтын бусад хувцас, малгай, бээлий, улавч, нүүрний хаалт зэргийг импортоор аван 3-7 хоногийн нөөцтөй нийлүүлж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ. 


Холбоотой мэдээ