Монгол Улс “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-05 16:24:57

УЛААНБААТАР. /Xinhua/. Монгол Улсын ард иргэд COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд гаргаж буй Засгийн газрынхаа хүчин чармайлтыг дэмжих зорилгоор мөнгөн тусламж болон бусад шаардлагатай хэрэгслийг хандивлаж байна. Тус улсад уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй юм.


Монголын дуучид, хамтлагууд, бөхчүүд тэргүүтэй олны танил эрхмүүд халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай хэрэгслүүд болон мөнгөн тусламжийг улсынхаа Эрүүл мэндийн яам, эмнэлгүүд, бусад байгууллагад хандивлажээ.


Сүмогийн их аварга асан Д.Дагвадорж саяхан Эрүүл мэндийн яаманд 400 ширхэг эмнэлгийн хамгаалах хувцас хандивлажээ. Мөн даваа гарагт Монголын баруун өмнөд нутгийн Баянхонгор аймгийн малчин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс 10 хонь хандивласан байна.


COVID-19 халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Монголын ард түмэн коронавирусний халдварын эсрэг гаргаж буй заавар зөвлөгөөнүүдийг даган мөрдөж байгаагийн зэрэгцээ Засгийн газрынхаа хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна гэж Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Мөн Хятад улсад COVID-19дэгдэж эхэлснээс хойш Монголын эрх баригчид, ард иргэд, оюутнууд, мөн хүүхдүүд хүртэл коронавирусний халдварын эсрэг Хятадын тэмцэлд эв санааны хувьд нэгдмэл байгаагаа илэрхийлсээр байгаа юм.


Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар саяхан “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, БНХАУ “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд “өндөр зохион байгуулалттай арга хэмжээнүүд”-ийг авч хэрэгжүүлж байна гэжээ. Мөн тэрбээр коронавирусний эсрэг авч буй Хятадын арга хэмжээг илүү үр дүнд хүргэхэд туслахын тулд бусад орон ижил хариуцлага хүлээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай хэмээгээд, Монгол улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг мөрдөж байгаа гэж хэлжээ.


Мөн Монголын олон иргэн мөнгөн тусламж болон урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийг Хятадад хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнтэй холбогдуулан Монголын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг орон даяар явуулж эхэлсэн байна.


Уг хандивын аяныг эхлүүлэх ёслолын үеэр Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд Хятад улс ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцлоод, “COVID-19” халдвартай тэмцэхэд Хятад улсад тусламж шаардлагатай байгааг тэмдэглэжээ.


Монголын Засгийн газар халдварын тархалтыг хянах үйлсэд зориулан Хятад улсад 200 мянган ам.доллар хандивласан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад COVID-19 дэгдсэнээс хойш тус улсад айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүн болсон юм. Тэрбээр Хятадад хийсэн нэг өдрийн айлчлалынхаа үеэр 30 мянган хонь хандивлана гэж мэдэгджээ.


Мөн Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаажээ. Т.Мишра Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзах үеэрээ, Монголын засгийн газар халдварын тархалтаас сэргийлэх оновчтой арга хэмжээнүүдийг авч, дэлхий нийтэд сайн үлгэр жишээ үзүүлж байна гэжээ.


Монгол Улсад олон нийтээр цугларахыг хориглож, халдвар тархсан тохиолдолд хэрхэн хязгаарлах талаарх мэдээллийг иргэддээ өгсөөр байна.

Холбоотой мэдээ