Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний эмгэг судлалын нэгжтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-05 16:42:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгжийг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт байгууллаа.

Тус эмнэлгийн удирдлагууд Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг шинээр тохижуулж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулав.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт нэгдүгээрт, Монголд гуравдугаарт орж байна. Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын хоёр аппаратыг худалдан авч өгч байна” гэв. Мөн тэрбээр Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг  орыг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.


Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь 9 ортой юм. Тус нэгжийг байгуулснаар зөвхөн Улсын Гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийдэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг хугацаа алдахгүй, тасралтгүйгээр хийх боломж бүрдэж байгаа юм.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зүрх судас, харвалтын чиглэлийн эмчилгээ, үзлэгийг зөвхөн Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хийдэг учраас ачаалал ихтэй ажилладаг. ЭМЯ-ны барьж буй бодлого бол нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг багасгах, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй үйлчлэх зорилгоор тусад нь Зүрхний шигдээсийн нэгжийг байгууллаа” гэв.


П.Хүслэнтуяа







Холбоотой мэдээ