АНЭУ Ухань хотод байсан Арабын иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-06 22:33:59

АБУ-ДАБИ. Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/ БНХАУ-ын Ухань хотод байсан Арабын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулжээ. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг АНЭУ-д шинээр байгуулсан Эмиратын Хүмүүнлэгийн хотод байрлуулан шинжилгээнд хамруулж, биеийн байдлыг нь хянах ажээ.


COVID-19” халдварын голомт болох Ухань хотоос нүүлгэн шилжүүлэх Арабын хөрш орнуудын иргэдийг байрлуулж, шаардлагатай тусламж үзүүлэх эрүүл мэндийн байгууламжийг барих чиглэлийг АНЭУ-ын Ерөнхийлөгч, Шейх Халифа бин Заед Аль Нахян болон Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд командлагч, Шейх Мохамед бин Заед Аль Нахян нар өмнө нь өгсөн байжээ.


Ухань хотоос 215 хүнийг тээвэрлэсэн тусгай нисэх онгоцны бүхээгийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд шаардлагатай “HEPA” шүүлтүүрүүд, эмнэлгийн хэрэгслүүд, бусад тоног төхөөрөмжээр тоноглосон байна. Мөн тэдэнтэй хамт эрүүл мэндийн тусламж үзүүлэх баг зорчиж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд бэлтгэгдсэн багийн гишүүд уг ажиллагааг явуулжээ. Тэдгээрийг Эмиратын Хүмүүнлэгийн хотод 14 хоног тусгаарлана.


АНЭУ халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд БНХАУ-ын Засгийн газартай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр гаргаж буй хүчин чармайлтын хүрээнд явуулсан энэхүү ажиллагааг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, БНХАУ дахь АНЭУ-ын Элчин сайдын яам зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ