Г.Хэрлэнчулуун: Эмэгтэйчүүдийн хөгжлийн ордон удахгүй үүдээ нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-09 14:51:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунтай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Харин энэ өдөр таны хувьд?

-Маш их баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

Жил бүрийн гуравдугаар сарын наймны өдрийг зөвхөн Монголд төдийгүй олон улсад хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр юм. Гэхдээ улс орон бүрт магадгүй өөр өөрөөр зохион байгуулж тэмдэглэдэг байх л даа. Манай улсын хувьд гуравдугаар сар маань их олон баяр давхацсан сар байдаг болохоор ч тэр үү бие биенээ баярлуулах нэрийдлээр нэлээд хавтгайрсан баяр болоод байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл эхчүүд, эмэгтэйчүүд, эхнэрүүдээ баярлуулна эргүүлээд аавууд, эрчүүд, нөхрүүдээ баярлуулна, удаагүй байтал үндэсний цөөнх болсон казак үндэстнүүдийн баяр гээд л завгүй сар болдог.

Ер нь тухайн тэмдэглэлт өдрүүдийн үүсэл, хөгжлийг бүдгэрүүлж болохгүй. Тэгэх л юм бол утгаа алдаж эхэлнэ. Өнөөдрийн энэ өдрийн үүх түүхээс товч дурдвал, 1857 оны гуравдугаар сарын найманд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага тавиад зогсохгүй сонгох, сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан олон зуун эмэгтэйчүүдийн сүрт жагсаал болж түүнээс хойш энэ өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг.

Гэтэл эрхээ хамгаалах асуудал нь бүдгэрээд баяр ёслол тал руугаа илүү хэвийгээд байна уу даа гэж харагддаг. Тиймээс бид ч гэсэн цаашдаа найр наадам, наргиан цэнгээн гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, нийгэмд тулгамдаад буй асуудлууд дээр дуу хоолойгоо нэгтгэн төр засагтаа хүргэж эерэг шийдвэрүүдийг гаргуулдаг байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй.

-МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдоод та удаагүй байгаа. Улс төр, аймаг орон нутгийн энэ их ажлын хажуугаар холбооны ажилдаа хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын сүүлээр аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ээлжит чуулганаа зохион байгуулан удирдлага, зохион байгуулалтаа шинэчлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай тэргүүлэгчид хэд хэдэн удаа хуралдаж олон сайхан санал санаачилгыг гарган жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулан маш эрчтэйгээр ажиллаж байгаа.

Харин миний одоогийн хашиж буй төрийн алба нь нэлээд ачаалалтай бас хариуцлага өндөртэй. Өөрөөр хэлбэл аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засаг, их бүтээн байгуулалттай холбоотой маш олон ажлын хэсэг, төслийг ахалж хурлаас хурлын хооронд, ажил, арга хэмжээ гэсээр ихэнхдээ өдөр яаж өнгөрснийг ч анзаарах сөхөөгүй үе олон байдаг. Гэтэл энэ жилийн хувьд дэлхий нийтийг цочроосон энэ аймшигт халдварт өвчин гарч түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах гээд аймгийн онцгой комиссынхны хувьд өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллах шаардлага бий болсон. Тиймээс миний өмнөх ачаалал үндсэндээ нэг дахин нэмэгдэж бусад асуудлууд руугаа анхаарах цаг хугацаа тэр хэмжээгээр багасч байна. Гэсэн хэдий ч энэ олон эмэгтэйчүүдийнхээ итгэл сэтгэлийг өргөж аль болохоор төлөвлөсөн ажлуудаа тэргүүлэгчидтэйгээ хамтраад хийж хэрэгжүүлэх тал дээр хичээж байгаа. Бид энэхүү ажлыг хүлээж аваад хамгийн эхэнд аймагтаа эмэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй болохыг зорьсон. Мөн энэ цаг үетэйгээ уялдаад олон шинэ ажлыг санаачлан хийж байна.

-Тухайлбал, Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид 2020 онд 20 зорилт бүхий ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусган хийж хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл нэн тэргүүнд Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй болох, цаашлаад эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, сургах, чадавхжуулах, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлийг дэмжин эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх гээд маш олон ажлууд бий.

Нийт хүн амын 50 хувь болох эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага маань ардын хувьсгалтай нас чацуу 95 жилийн түүхтэй байгууллага. Гэтэл өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй байгаа нь харамсалтай хэрэг. Тиймээс дээрх төлөвлөсөн ажлуудын маань нэн тэргүүний гол ажил бол хөгжлийн төвийн байрны асуудал юм. Ажлаа хүлээн аваад байж болох бүхий л сувгийг судалж аймгийн удирдлагууддаа саналаа тавьсны дагуу эмэгтэйчүүд биднийг ойлгон дэмжиж, орон нутгийнхаа нөөц бололцоонд тулгуурлан анх удаа эхчүүд, эмэгтэйчүүд, охидууддаа зориулсан “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн байрыг шийдвэрлэж өгсөнд бид бүхэн талархаад баршгүй байгаагаа боломж олдсон дээр аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба нартаа энэхүү ярилцлагаараа дамжуулан илэрхийлж байна.

Хэдийгээр шинэ байр биш ч гэлээ бид түүнийгээ засварлах хөрөнгө санхүү босгох, аймагтаа байхгүй сайхан сургалтын төв, үйлчилгээний төвүүдийнхээ үүд хаалгыг нээх цаг тун удахгүй. Энэ нь дан ганц эмэгтэйчүүд ч гэлтгүй хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй байгууллага байх болно.

Мөн аймгийнхаа төрийн байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлүүдийг дэмжих олон сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мэдээж цаг үеийн байдлаас болоод он гарсаар олон нийтийн үйл ажиллагаа, хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед ч зүгээр хараад суухыг хүсэхгүй байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо гаргаж тэдэнд туслах, ханиад томуу дэгдэлттэй энэ үед аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүд, хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлж буй бүх хүмүүст халуун аарц, амны хаалтыг өөрсдийн хүчээр бэлтгэн хүргэх, мөн хамгийн эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй уурын зуухны галч нарт хүртэл хүргэн ажиллаж байна.

Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маань онцлогтой үед таарч байгаа тул олон нийтийн сүлжээг ашиглан гэр бүлийн халуун дулаан орчинг бий болгох, бие биенээ хайрлах, хүндлэх, бусдад үлгэр дууриал болгох үүднээс цахим уралдаан зарлаж байна. Мөн хүний амьдрал алдаа онооны дэнсэн дээр явдаг юм хойно санамсаргүйгээр гэмт хэрэгт холбогдон хоригдож буй хүүтэй нь ээжийг нь уулзуулах, ажилгүй эмэгтэйчүүдээ ажлын байранд зуучлах гэх мэтээр олон ажлыг хийж байна.

-МЭХ-ны тэргүүн Б.Оюунгэрэл өнгөрсөн онд 21 аймгаар тойрч эмэгтэйчүүдтэй уулзаж, асуудлыг нь сонсч ажилласан. Хэнтий аймагт эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлтэй холбогдсон ямар асуудлууд давамгайлж байна вэ?

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ажлаа хүлээж аваад нэг жилийн хугацаанд 21 аймгаа тойрч эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой, тулгамдаж буй асуудлыг сонсч түүн дээрээ тулгуурлан дараа дараагийн ажлаа төлөвлөн, уриалан маш эрч хүчтэй ажиллаж байгаа. Түүний хажууд байгаа хэн ч болов маш их эрч хүч авахаар тийм дайчин эмэгтэй биднийг удирдан чиглүүлж байгаад баяртай байдаг. Ер нь хаана ямар асуудал байгааг мэдэхгүйгээр ажлыг удирдаж хийнэ гэж байхгүй. Тийм болохоор бид эхлээд асуудлаа судалж мэдэх нь тун чухал. Ерөнхийлөгчийн орон нутагт ажиллах үеэр ч тэр, биднийг орон нутгийнхаа эмэгтэйчүүдтэй уулзах үеэр ч тэр нийтлэг ололттой тал нь эмэгтэйчүүд харьцангуй ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэл ихтэй бие даасан байдал руу шилжих хандлага харагдаж байна. Үүн дээр нь төр засгийн дэмжлэг бодлого илүү хэрэгтэй байгааг олж харсан. Харин сайны хажуугаар саар гэгчээр амьдралын боломж бололцоогүйгээс болоод гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал бас цөөнгүй байна.

Өнгөрсөн оны сүүлээр гэхэд эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийг дэмжих ажлын хүрээнд бага насны хоёр хүүхэдтэй залуу эмэгтэйг ажилд оруулж өгсөн юм. Гэтэл энэ ээжид маань маш эмгэнэлтэй, золгүй явдал тохиолдож хоёр ой гарантай сайхан үр нь хүний үнэргүй араатанд амь насаа алдсан. Энэ тухай мэдээллийг авч бид бүхий л талаар тусалж дэмжээд яваа ч гэлээ хүний нэр төр, амьдралтай холбоотой хүнд хэцүү асуудал учраас олонд дэлгэхийг хүсээгүй. Цаашдаа бид нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө уриатайгаар муу муухай бүхний эсрэг тэмцэж ажиллах болно. Бүх эмэгтэйчүүддээ хандаж уриалахад бид хүчтэй байж эрчүүдийг хөдөлгөгч хүч байх ёстой гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин манай аймагт ямар байгаа вэ? Зээл тусламжид хамрагдах боломжийг дэмжсэн бодлого байдаг уу? Мөн манай эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой статистик тоо баримтууд хэлж өгнө үү?

-Манай аймаг нийт 77.6 мянган хүн амтай бөгөөд үүний 49,5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийт хөдөлмөрийн насны эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч 35703 хүнээс эмэгтэй 17207 байгаагаас 16335 эмэгтэй нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байна.

Аймгийн хэмжээний нийт ажилгүйдлийн түвшин 4.2 хувь байгаа бөгөөд үүнийг хүйсээр нь задалж үзвэл эмэгтэй 5.1 хувь, эрэгтэй 3,5 хувь байна. Энэ нь эмэгтэйчүүд илүү хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй ажил идэвхтэй хайж байгааг харуулж байна.

Манай аймгийн хувьд дан ганц эмэгтэйчүүд ч гэлтгүй иргэдээ залуучуудаа ажилтай орлоготой байлгах,төсөл хөтөлбөрт хамруулах, тэдний ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цаашлаад борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд тодорхой цогц бодлого барин ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл төсөл хөтөлбөрт хамруулаад түүнийг хийж бүтээх орчныг нь сайжруулах үүднээс аймгийн төвийн баг болон сумдад ахуйн үйлчилгээний төвүүдийг шинээр барьж байгуулан ажлын байраар хангаж байна. Мөн аймгийн Засаг даргын нөөцөөс сав баглаа боодлыг нь шийдвэрлэн орон нутагтаа Хэнтийн брэнд дэлгүүрээр дамжуулан борлуулах, хөрш орны томоохон зах зээлд хамтын ажиллагааны хүрээнд лангуу түрээслэн өгч худалдан борлуулах боломжоор хангах цогц бодлого барин ажиллаж байна. Түүгээр ч барахгүй гадаад, дотоодын зочдод өгдөг бэлэг сэлтэд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өгч байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нутгийн иргэд үйлдвэрлэн худалдаалж жилээс жилд орлого нь өссөөр байна.

-Танд баярлалаа. Эмэгтэйчүүдийнхээ төлөө зорьсон ажил үйлсэд тань амжилт хүсье.


Холбоотой мэдээ