Шатахууны бөөний үнэ 20-150 төгрөгөөр хямдарсан ч жижиглэнгийн үнэ буусангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-10 17:52:15
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хямдарсантай холбоотой шатахууны үнэ 40-50 төгрөгөөр буурна гэдгийг АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.


Манай улс өнөөдрийн байдлаар шатахууны ердийн хэрэглээний 40 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал, А-80 автобензин 91 хоног, Аи-92 автобензин 33 хоног, дизелийн түлш 39 хоног, ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.


АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 ам.доллароор бууж орж ирсэн. Литр тутамд 120-130 төгрөгийн хямдрал ажиглагдана. Гэвч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад долларын ханшийн 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байна. Үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг бид буулгана. Гуравдугаар сарын бүтээгдэхүүн дээр тодорхой хэмжээнд үнэ бууруулна. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр багасна гэсэн үг. Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг зогсоосон ч УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын өгсөн чиглэлийн дагуу шатахуун ямар нэгэн саадгүйгээр орон нутагт хүрнэ” гэв. 


Газрын тосны зах зээлийн үнэ буурч байгаатай холбоотой бүх төрлийн шатахууны бөөний үнэ дотоодын зах зээл дээр 20-150 төгрөгөөр буурчээ. Харин нийслэлийн болон орон нутгийн ШТС-уудын жижиглэнгийн үнэд өөрчлөлт ажиглагдаагүйг АМГТГ-аас мэдээллээ. 


Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буусан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буусан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ