Өвөрмонголоос ирсэн 3 хүнийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-12 13:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор орж ирсэн гэр бүлийн 3 хүнийг тухайн газарт нь тусгаарлажээ. Тэд Өвөрмонголд айлд хөл хорионд байж байгаад, хорио цуцлагдахад эх орондоо ирсэн аж.


Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тус яамны өнөөдрийн мэдээллийн үеэр танилцууллаа. Тэрбээр, “Нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл 1 248 хүнийг ажиглалтад авсан. Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт 8, Жаргалантад 23 иргэнийг ажиглалтад авч байсан. Тэднийг өнөөдөр гаргана. Биеийн байдал нь хэвийн байгаа. Ховд аймгийн Булган сумд гэр бүлийн 3 хүнийг тусгаарласан. Тэднийг тус боомтын хоёр өрөө байранд, эмчийн хяналтад авсан. Биеийн байдал хэвийн, халдварын шинж илрээгүй” гэв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “ДЭМБ-аас “COVID-19” -ийг дэлхий нийтийг хамарсан цар тахал хэмээн зарлалаа. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд 4 цар тахалд өртлөө. Хамгийн их хүнийг хамарсан нь 2018 онд Испани улсад гарч байсан. Гэхдээ анх удаас коронавирусний халдвараар тахал гарч байгаа ч хяналтад авч болно гэдгийг харуулж байна. Дэлхийн томоохон эрүүл мэндийн байгууллагууд хамтран  “COVID-19”-ийн эсрэг тэмцэж байна. ДЭМБ-аас 60-аас дээш насныхныг эрсдэлт бүлэгт хамруулж байсан бол өнөөдрөөс эхлэн 40-өөс дээш насныхныг энэ бүлэгт хамруулж тусгайлан зөвлөмж гаргаж байна” хэмээн тодотгов.

 

Холбоотой мэдээ