Нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйтгэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-13 19:24:39

Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт ариутгалын ажлыг үе шаттай зохион байгуулж байна.  

Ховд аймгийн “Шуурхай штаб”-аас байгууллага бүр гадна орчны 50 метр талбайд тогтмол цэвэрлэгээ хийх, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэх тухай үүрэг чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний алба, Хот тохижилтын газар, БОЭТ-ийн ажилтнууд хамтран нийтийн эзэмшлийн талбайд их цэвэрлэгээ хийсэн юм.

Үүний дараа Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэнд, Мал эмнэлгийн газар хамтран аймгийн төв болон БОЭТ-ийн гадна нийт 10 мянга орчим мкв талбайд хлорын шохойн уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийв.

Тус ажлыг аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүжилтээр зохион байгуулсан.

Энэхүү ажлыг Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн ариутгагч нар хариуцан гүйцэтгэлээ. Улмаар Эрүүл мэндийн газрын Халдвар судлагч эмч Б.Одхүү хяналт тавьж ажилласан юм. 

Ийнхүү иргэд олноор цугладаг нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйтгэл хийснээр тухайн орчны бүсэд эрүүл ахуйн стандарт хангагдах, халдварт өвчин гарах эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломж өргөжих давуу талтай гэж албаны эх сурвалж хэллээ.

Холбоотой мэдээ