Н.Энхбаяр: МАХН сонгуульд дангаараа оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-28 13:26:00

МАХН-ын удирдлагууд Бага чуулганы XIII хуралдаанаас гаргасан тогтоол, шийдвэрийн талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН-тай эвсэх эсэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байх үед МАН бага хурлынхаа хүрээнд сонгуульд дангаараа оролцоно гэсэн шийдвэр гаргасан байсан. Иймээс энэ сарын 19-ний орой хоёр нам сонгуульд эвсэж орох тухай асуудлыг эргэн харахыг сануулсан уриалга гаргасан. МАН-ынхан бидний уриалгад одоо болтол хариу хэлээгүй. Гэтэл тэд өнөөдөр СЕХ-нд сонгуульд дангаараа орно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнээс харахад хэн эвсэхийг хүсч байсан, хэн хүсэхгүй байсан нь ойлгомжтой.

Мөн манай нам Ногоон намтай эвсэх тухай асуудлыг ярихад Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвссэн гэж дуулсан. Тийм учраас Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй. ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзахад Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа бол дарга С.Оюуны хувьд АН-тай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа нь тодорхой болсон.

МҮАН-ынхан хоёрдугаар сарын 6-нд хуралдаад намын удирдах зөвлөлөө хуралдуулж  "Шударга ёс" эвслийн бүлгийг энэ хэлбэрээр нь хадгалах боломжгүй гэж үзсэн байна билээ. МҮАН энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох боломжгүй гэж зарласан учраас бид хамтарч оролцохгүй. Иймээс өчигдөр орой Бага чуулганаа хуралдуулж МАХН сонгуульд дангаараа оролцоно гэсэн байр сууриа баталгаажууллаа. Маргааш СЕХ-нд энэ асуудлаа албан ёсоор өргөн барина” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та сонгуульд нэр дэвших үү. Ялтайд тооцох хугацаа байгаа, байхгүй гэсэн асуудал ярьж байгаа шүү дээ. Хууль эрх зүйн хүрээнд сонгуульд дэвших боломжтой юу?

-Би ялгүй. Надад тулгаж байсан зүйл заалт өршөөлийн хуулинд хамарсан учраас ялтай байдал өршөөгдсөн. Энэ сонгууль Н.Энхбаяргүй болвол ардчилсан биш сонгууль болно. Би сонгуульд орно. Ямар нэгэн хууль зөрчсөн хориг байхгүй.

-Цэцийн дүгнэлттэй холбоотой “Шударга ёс” эвсэл дотроо зөрчилтэй байгаа нь илт байна. Д.Тэрбишдагва гишүүн ч үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ хугацаанд асуудлыг нам дотроо хэлэлцсэн үү?

-Ямар нэгэн асуудлаар намын гишүүд санал зөрөлдөх асуудал аль ч намд байдаг. Цэцийн дүгнэлт хоёр талтай. Цэцийн гишүүд хэдхэн сарын өмнө үүнээсээ эсрэг шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр нэг байгууллага нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гаргана гэдэг захиалгатай, луйврын шинжтэй, төрийн эрхийг хууль бусаар хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчинд өгөх гэсэн увайгүй оролдлого. Төрийн хямралыг зориудаар бий болгож байна. Төрийн хямралыг бий болгож байгаа учраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдрал маш хүнд байна. Иймэрхүү маягаар төрийн бүх байгууллага ажиллаж ирсэн учраас өнөөдөр Монгол Улс гүн гүнзгий хямралд ороод байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ