Итали, Иран, Испанид “COVID-19”-ийн халдвар өдөрт 1000-2500 бүртгэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-03-15 11:34:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвар 13 улсад шинээр бүртгэгдсэн талаар ДЭМБ-ын энэ сарын 14-ний тайлан мэдээнд дурджээ. Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, “Европ тивд “COVID-19” халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. Энэ сарын 14-нд нийт 9769 хүн шинээр халдварласан. Тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгаж, гэрээсээ гарахгүй байх зөвөмж өгч байна. Итали, Иран, Испани улсад халдвар хамгийн өндөр буюу хоногт 1000-2500 тохиолдол бүртгэгдлээ. ДЭМБ-аас халдварыг эрт тодорхойлохоор олон улсын туршлагад үндэслэн Амьсгалын замын хүнд халдварын эмчилгээний удирдамжийг шинэчлээд байна” хэмээв.


Дэлхийн улсууд уг халдвараас сэргийлэх үүднээс өөрийн орны онцлогт тохирсон хорио цээрийн дэглэм тогтоон мөрдөж байгаа аж. Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулахдаа, “БНФУ-д тус халдварын тоо 808-аар нэмэгдэж, 12 хүн нас барлаа. Тиймээс тус улс хүнсний дэлгүүр, эмийн сан, ШТС-уудаас бусад байгуулагын ажлыг түр зогсоолоо. Испани улс бүхэлдээ хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдийг зөвхөн хүнс, эм авахаар гэрээсээ гарахыг зөвшөөрч байгаа юм. Итали улсын эрүүл мэндийн салбар хүнд сорилтод орж байна. Тухайлбал, тус улсын Ломбард мужийн эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болсон. Өдөрт 2-3 хүн эрчимт эмчилгээнээс гарч байгаа бол 85 хүн орж байгаа юм” гэлээ.

Холбоотой мэдээ