ХӨСҮТ: Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн 23 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-16 11:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-д тусгаарласан, мөн ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдлын талаар танилцууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Энэ сарын 2-нд батлагдсан тохиолдлын хамт нэг онгоцонд ирсэн 23 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ юм. Мөн гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д энэ сарын 15-нд нэг, Баян-Өлгий аймагт нэг, нийт сэжигтэй хоёр тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авсан. Баян-Өлгий аймгаас шинжилгээний сорьц ирж байгаа. Өчигдөр БНСУ-аас тусгай нислэгээр ирсэн 10 хүнийг гол газраас ирсэн гээд ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Бусад хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг, Энх саран, Жаргалант сувилалд хуваарилан ажиглалтад авсан. Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт  18, Дорноговь аймагт 1 хүнийг тусгаарлан ажиглаж байна" гэв.


Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл манай нэг иргэн франц өвчтөнд хурдан эдгээрэй гэж англи, франц хэлээр бичин эрүүл энхийг хүсээд кофены шар тос илгээснийг Д.Нямхүү захиралд хүлээлгэн өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Нийгмийн сүлжээгээр тархаж буй франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар танилцуулж байгаа. Мөн гуравдугаар ангийн гурван сурагч англиар захиа бичсэнийг оруулж өгсөн. Энэ бүхнийг сонсоод өвчтөний сэтгэл санаа өөдрөг байгаа” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ