Баян-Өлгийд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу гараагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-16 12:59:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор орж ирж тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу гараагүй байна.

Энэ талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ, “Өнөөдрийг хүртэл  1 697 хүнийг тусгаарлан ажиглалаа. Одоо 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Харин сэжигтэй гэж үзсэн 291 хүнээс шинжилгээ авсан. Өчигдөр ХӨСҮТ-д 1, Баян-Өлгий аймагт 1 иргэнийг тусгаарлалаа. Тухайн хоёр хүний шинжилгээний хариу гараагүй, биеийн байдал хэвийн байна. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан иргэн шүд өвдөж халуурсан, уушгины хатгалгаа өвчтэй гэсэн шинж тэмдэгтэй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний хувьд хоёрдугаар сарын 29-нөөс энэ сарын 9-нд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөл аймгийн Хатгал сум руу яваад ирсэн. Гүйлгэх, халуурах шинж тэмдэгтэй байна. ХӨСҮТ-д буй франц иргэний биеийн байдал тогтвортой, ханиалгах нь багасаж хоолны дуршил нэмэгдсэн.  Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийнхэн байгаа. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дэгү, Бусан хотоос ирсэн 10 иргэнийг тусгаарласан бол Цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай буюу жирэмсэн, хэвтрийн, тэргэнцэртэй зэрэг 51 хүнийг байрлуулсан. Харин Энх саран сувилалд 184 иргэнийг тусгаарласан байна” гэв.

Мөн тэрбээр ЭМЯ-наас гурван сарын турш зөвлөгөө өгсөн ч иргэд гадны улс руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсээр байна. Тиймээс бидний өгч буй зөвлөгөөг чанд сахих нь зүйтэй гэдгийг дахин анхааруулсан юм.

Холбоотой мэдээ