Т.Бадрал: Монгол Улсад өнөөдрөөс гадаад иргэн нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-16 15:02:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, Монгол Улсад гадаад иргэн нэвтрүүлэхгүй байх УОК-ын шийдвэр гарчээ. Энэ талаар УОК-ын шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдэгдлээ. 


Тэрбээр, “Дэлхий даяар шинэ коронавируст халдвараар өвчилсөн хүний тоо 150 мянга, амиа алдагсад 6500 давсан, дэлхийн 155 оронд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас Европ тивийг цар тахлын голомт болон хувирсан тухай зарлалаа. АНУ гадаад иргэд, түүнчлэн өөрсдийн иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын Засгийн газар, УОК өнгөрсөн хугацаанд бүх улс оронтой ижил арга хэмжээ авч ажилласан. Цаашид бид онгоц хүлээн авах нь эрсдэлтэй болж байна. Учир нь гадаадад байгаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тусгай нислэгээр авчрахад халдварын шинж тэмдэгтэй иргэд байсныг ХӨСҮТ-д тусгаарласан. Олон дахин иргэдээ хүлээж авах ажил нь эрсдэл үүсгэж байгаа тул энэ хөдөлгөөнийг цаашид хязгаарлахаас өөр аргагүй болж мэднэ. Тиймээс гадаадад суугаа иргэд маань улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүднээс болж өгвөл амьдран суугаа газартаа дасан зохицож, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна. Гурван тусгай үүргийн нислэгээр 800 орчим иргэн эх орондоо ирж байна. Тэдгээр иргэдэд Ерөнхий сайд болон Шадар сайдаас баяр хүргэж, Засгийн газар, УОК-оос иргэдийнхээ төлөө шийдвэр гарган ажиллаж байгааг уламжилж, гарсан шийдвэрийг дагаж мөрдөх зөвлөмж өгч байна” хэмээв. 


Гадаад иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан ч ОХУ-ын нүүрс тээврийн жолоочид хамаарахгүй гэдгийг тэрбээр онцоллоо. 


Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн, “Өчигдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас эх орондоо ирсэн иргэдийг “Энх саран” сувилал, ЦТНЭ, ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр өглөө 07.58 цагт Улаанбаатар-Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардсан. Москвагаас 93, Берлинээс 138, нийт 231 иргэн ирсэн. Тэдгээр хүмүүсийг тусгаарлан тандан судалгаа хийж байна. Эхний ээлжинд 19 хүнийг ХӨСҮТ-т тусгаарлахаар боллоо. Бусад иргэдийг Баянзүрх дүүргийн “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл хангаад байна. Япон Улсаас иргэдээ эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц өглөө 9 цагт хөөрсөн. 20.25 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардана. Иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Гадаадаас ирэх иргэдээ хүлээн авч тусгаарлах зорилгоор, “Парк”, “Амар”, “Наранбулаг” зэрэг зочид буудлаас гадна зарим аж ахуйн нэгжийн байрыг бэлтгэсэн. Холбогдох албаныхан шалгаж байгаа бөгөөд иргэдийг хүлээн авч тусгаарлах боломжтой гэж үзсэн” хэмээв. 


Мөн Истанбулаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ авчрахаар МИАТ-ийн тусгай үүргийн онгоц энэ сарын 18-нд хөөрөхөөр болсныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэв. 


Ташрамд дурдахад, Монгол Улсад энэ сарын 2-нд ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавируст халдвар илэрсэн бөгөөд тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна.


Холбоотой мэдээ