Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс "COVID-19"-ийн халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-16 22:51:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол хүний лабораторын эхний шинжилгээнээс "COVID-19" буюу шинэ коронавирусний халдвар илэрчээ. Энэ тухай Эрүүл мэндийн яам өнөөдрийн 22.50 цагт шуурхай мэдээлэл хийхдээ мэдээллээ. 


Халдвар авсан хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, ойрын хавьтлуудыг нарийвчлан тогтоож байгаа тухай тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар тэмдэглэв. Тэрбээр, "Францаас Германаар дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай арга хэмжээг авч байна. Ойрын хавьтлын есөн иргэнийг мөн тусгаарлалаа. Халдвар гарсан улс орноос иргэдээ татах нь эрсдэлтэй гэж тооцсон учраас зохих бэлтгэлийг хангаж тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа" хэмээв. 


Шинжилгээний хариу өнөөдөр оройн 20.00 цагт гарсан бөгөөд тэдгээр иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Францаас Германаар дамжин ирсэн байна.


Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Берлин, Истамбул хотоор дамжуулан татаж авахаар болсон. Энэ хүрээнд өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнөөдөр 08 цагийн орчимд Берлин-Москва чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 231 иргэн ирсэн юм. Харин Турк улсын Истамбул хотоос монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц энэ сарын 18-нд ниснэ.

Холбоотой мэдээ