“CОVID-19”-ийн халдвартай иргэнийг тусгаарлан авчирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-17 12:13:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан нь тогтоогдоод буй гурван монгол иргэний нэг, Герман улсаас ирсэн иргэний биеийн байдал сайнгүй байгаа аж. Түүнийг онгоцонд суухаас өмнө халууныг нь үзэж тусгаарлан авч иржээ. 

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, “Дэлхийн 164 улсад “COVID-19”  халдвар тархаж шинээр 14 улс бүртгэгдлээ. Монгол Улсад өчигдөр гурван хүнээс шинэ коронавируст халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн. Тэдгээр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Бид “Covid-19” халдвар бүртгэгдсэн улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдэлийг тооцон бүх зорчигчийг онгоцонд суухад амны хаалт зүүлгэж, хоол ундны зүйл өгөөгүй. Аль болох ярихгүй байхыг зөвлөсөн. Герман улсаас ирж байгаа иргэний халууныг үзээд онгоцонд суулгаж тусгаарлан авчирсан” гэв.  

Мөн гурав, дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа хамгийн их сулардаг учир эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахих,  аль болох эмнэлэгт очихгүй байх, эхний ээлжинд утсаар зөвлөгөө авч байхыг мэргэжилтнүүд санууллаа .


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “Өнөөдрийг хүртэл 2 239 иргэнийг тусгаарлах байранд ажигласнаас одоо 1 330 хүн байна. Сэжигтэй гэж үзсэн 293 хүнийг шинжилгээнд хамруулахад дөрвөн хүнээс “COVID-19” халдвар илэрсэн. Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 63 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг Жаргалан, Наранбулаг, Парк зэрэг зочид буудал, сувилалд хуваарилсан. Мөн Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 хүн ирснээс диализийн аппаратад орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт авч бусад хүнийг Амар зочид буудалд байрлуулсан. Хилийн боомтоор гадаад улсаас ирж байгаа иргэд нэвтэрсээр байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор Европын холбооны улс, Тайланд, Филиппин, Хонконг Австрали улсаар дамжиж ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа. Өчигдөр Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж тус эмнэлэгт байсан иргэдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн. Шадар сайдын баталсан Тусгаарлах журам бүх байруудад хэрэгжээд явж байна. Түүнчлэн БНХАУ-аас “COVID-19” халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан” хэмээв.

Холбоотой мэдээ