Нөөцөлсөн рапсыг малчдад үнэ төлбөргүй олгоно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-17 13:41:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрч болзошгүй байгааг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан орон нутгийн нөөцөд нөөцөлсөн рапсыг малчдад үнэ төлбөргүй олгохоор боллоо. Мөн ашигт долооцын үнийг 50 хувиар хямдруулж олгох аж. Өөрөөр хэлбэл анхны үнээсээ хоёр дахин хямдруулж, 5500 төгрөгөөр өгч байгаа гэнэ. Ашигт долооцыг зах зээлд 22000 төгрөгөөр борлуулж байна.

Хямдарсан болон үнэгүй олгох тэжээлийг Хэрлэн, Баянхутаг сумын Засаг дарга нартай зөвшилцөн хуваарилан олгохыг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Чанцалд хариуцуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатарт үүрэг болголоо.

Тус аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 7,9 мянган малчин өрхөд 4.8 сая толгой мал хаваржиж байна. Хэнтий аймгийн нийт нутгаар цасны дундаж зузаан 1-18 см, нутгийн өмнөд хэсгээр 1-5 см, бусад нутгаар 6-18 см зузаан байна.

Аймгийн хэмжээнд бод малын хорогдол 25,7 мянга гарсан нь нийт малын 0,5 хувийг эзэлж байна. Харин төллөвөл зохих 2,3 сая толгой хээлтэгчийн 0,3 хувь буюу 7,2 мянган хээлтэгч мал төллөж, 98 хувьтай бойжиж байгаа юм. 

Холбоотой мэдээ