Стандартын шаардлага хангасан амны хаалтны нөөц бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-17 20:46:16

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж шаардлагатай газруудад олгох төсвийг баталжээ.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой угтан зөвлөх үйлчилгээг сайжруулах, Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг оройн 20.00 цаг, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээв.

Харин томоохон хүнсний болон барааны захын үйл ажиллагааг хэвийн явуулж ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиулах, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг сануулж хяналт тавих. Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг өглөөний 09.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явуулах шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.

Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, мөн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэн, байгууллагуудаас сэтгэлийн дэм болгож өгсөн хандивыг бүртгэлжүүлэх улмаар хандивыг аймгийн Онцгой комиссын гишүүдийн саналаар захиран зарцуулахаар болжээ. Тухайлбал энэ удаагийн хурлаар юуны өмнө аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1.651.600 төгрөгийн дэмжлэгийг өгөхөөр боллоо. Мөн Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу шаардлагатай үед хэрэглэгдэх стандартын шаардлага хангасан 10 мянган ширхэг амны хаалтны нөөцийг бүрдүүлэхээр боллоо.

Томуу томуу төст өвчний гаралт буурчээ

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Завхан аймагт угтах зөвлөх үйлчилгээг нийт 21120 иргэнд аймгийн ЭМГ-аас үзүүлжээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд Завханы төв Улиастайд орж ирж буй онгоц болон нийтийн тээврээр зорчин ирж буй иргэдэд угтан зөвлөх үйлчилгээг үзүүлж буй. Тухайлбал Улаанбаатар-Донойн чиглэлийн нислэг бүрээр ирж буй зорчигчдод биеийн халууныг нь үзэх, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж, эрүүл мэндийн асуумжийг авч байгаа ажээ.

Мөн Аймгийн хэмжээнд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй Улаанбаатар-Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл, Асгат, Баянтэс, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Тэс, Тэлмэн чиглэлийн автобусны зорчигчдод хяналт тавьж байна. Харин аймгийн хэмжээнд 2020 оны 10 дугаар долоо хоногийн байдлаар томуу томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн нэг хувийг эзэлж байна. Өвчлөл илт буурсан сайн үзүүлэлттэй байна хэмээн аймгийн Онцгой комиссын хурал дээр ЭМГ-аас мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ