Иргэд шинжилгээ өгөх гэж олноороо цуглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-19 17:42:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-наас хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинэжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдсэнийг ЭМГ-ын дарга Г.Бат-Орших мэдэгдлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр улс орон даяар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан энэ сарын 16-ны өдөр нээсэн. Хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоосон өдрөөс эхлэн иргэд олноор шинжилгээ өгч, амбулаторийн үзлэгт хамрагдаж байгаа тул ачаалалтай байгаа аж.

Хаврын улиралд хүний дархлаа унаж, өвчин хууч хөдөлж, ядаргаанд ордог учраас жил бүр энэ улиралд эмнэлгийн ачаалал их болдог. Энэхүү уламжлал, тогтсон жаяг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед ч хэвээр байх бололтой.

Энэ долоо хоногийн эхээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт өдөрт зөвхөн нэг шинжилгээн дээр 60-70 хүн, амбулаториор өдөрт 780 хүн үзүүлсэн байна. Ингэж их бөөгнөрөл үүсгэн, олон хүнийг нэг дор байлгахыг өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед мэргэжлийн байгууллагуудаас хориглож байгаа.  

Аймгийн ЭМГ-ын даргын зүгээс иргэдэд хандан үүссэн нөхцөл байдлыг сайтар ойлгож, аль болох эмнэлэг дээр ирэлгүй утсаар зөвлөгөө авч, гэрээр эмчилгээ хийж дэглэм сахин, дархлаагаа сайжруулж, хүлээцтэй тэвчээртэй байхыг анхаарууллаа. 



Холбоотой мэдээ