Д.Нарангэрэл: Тусгаарлалтад байсан иргэн 14 хоног гэрээсээ гарахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 12:14:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлаж ажигласан, эмчлүүлсэн иргэдийн гар утсанд байршил тогтоогч суулгаж гэртээ 14 хоног байхыг зөвлөж байна. Хэрвээ гадуур явж, утсаа унтраавал Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохыг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ.


Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанд, ЭМЯ-наас хоёр асуудал дэвшүүлснийг дэмжсэн байна. Тодруулбал, тусгаарлаж ажигласан иргэн өөрийгөө үргэлжлүүлэн гэртээ тусгаарлах заавар гаргаж, Үндэсний хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил өрнүүлэхээр болжээ.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Эрүүл мэндийн сайдын зааварт тусгаснаар, ямар иргэн өөрийгөө тусгаарлах ёстойг танилцуулъя. Ажиглалт, тусгаарлалтад байсан болон эмчлүүлж гарсан иргэн үргэлжлүүлэн 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа давтан шинжилгээ хийсний дараа биеийн хүнд, хөнгөн байдлаас хамаарч гаргана. Тухайн иргэн өөрийгөө 14 хоног ажиглах үедээ, гар утсандаа байршил тогтоогч суулгахаас гадна халуунаа өдөрт хоёр удаа хэмжинэ. Ингээд харьяа сум, дүүрэг, өрхийн эмч болон 119, 103 дугаарт мэдээлнэ. Гадаадын иргэний хувьд, Интермэд, СОС зэрэг эмнэлгийн утсанд хандана” хэмээв.


Тэдгээр иргэдийг гадаа гарах, зочин урих зэргийг хориглох юм байна. Хэрвээ утсаа унтраасан, гадаа гарсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тодотголоо. Үүнд хорооны хэсгийн ахлагч, сайн дурын идэвхтэн, цагдаа, хүчний байгууллагаас хяналт тавьж ажиллах аж.


Мөн хаврын улирал эхэлж дулаарсан энэ үед хөрсний бохирдлоос элдэв халдварт өвчин гардаг. Тиймээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл улсын хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах ЭМЯ-ны саналыг Засгийн газраас дэмжиж тогтоол баталжээ.



Монгол Улсад нийт 3222 хүнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлалтад байна.  Үүний дотор тусгаарлалтад байсан иргэдийг ажигласан эмч, голомтыг ариутгасан баг, сантехникч, тогооч, лаборант зэрэг 286 ажилтан ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй тусгаарлалтад байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв. Тэрбээр, "Төр хувийн хэвшилтэй хамтран амралт, сувиллын орыг дайчлан ажиллаж байна. Цаашид шаардлага гарвал ашиглахаар 244 эмнэлэг, сувиллын орны тоог гаргасан. Эрчимт эмчилгээний эмч нарыг ажлын туршлагыг харгалзан сольж ажиллуулах тооцооллыг мөн гаргалаа. Харин гэмтэл, төрөх, хүүхдийн эмнэлгийг дайчлахгүй. Мөн ТТАХНЭ, төмөр замын эрчимт эмчилгээний орыг шаардлага гарсан тохиолдолд ор гаргаж эмчлэх төлөвлөгөө гаргасан байна" хэмээв. 


Дэлхийн хэмжээнд Итали, Испани, АНУ-д хамгийн олон хүн уг өвчнөөр нас бараад байна. ДЭМБ-аас нөхцөл байдлаас хамаарч өдөр тутамд өгч байгаа зөвлөгөө өөрчлөгдөж буйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн үеэр тэмдэглэлээ. Тухайлбал, таван хүнийг нэг дор байвал бөөгнөрөл гэж үзэж байсан бол одоо хоёроос дээш хүн хамт байж болохгүй гэсэн зөвлөмж өгч байна. Түүнчлэн нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөж байсан бол одоо 1.5-2 метрийн зайнаас харьцаж, бие биедээ хүрэхгүй байхыг зөвлөжээ. Орон зайгаа хязгаарлах, хөл хориог сунгах зэрэг нь өвчнийг тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга гэдгийг дэлхийн олон эрдэмтэн судлаачид онцолж байгаа аж.


Холбоотой мэдээ