Испанид халдварын улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д бүртгэгдсэнийг давжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-03-26 09:04:39

МАДРИД. /BBC/. Испани улсад коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо БНХАУ-д албан ёсоор бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг давжээ. Ингэснээр Испани хамгийн олон нас баралт бүртгэгдсэн орнуудын хоёрдугаарт жагсаж эхэллээ. 


Испанид сүүлийн 24 цагийн хугацаанд нас барсан хүний тоо 738-аар нэмэгдэж, 3434 болсон нь Италид тухайн хугацаанд бүртгэгдсэн тоон үзүүлэлтээс /683/ өндөр байжээ. Хятадын албан ёсны мэдээллээр тус улсад 3285 хүн нас барсан бол Италид 6820 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм.


Испанид сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 47 мянга давсан бөгөөд 27 мянга орчим хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Мадрид халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бүс нутагт тооцогдож байгаа хэдий ч зүүн хойд нутгийн Каталонд халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж байна.


“Шадар сайд Кармен Калвогийн коронавирусний шинжилгээ 'эерэг' буюу халдвартай гарсан” гэж Испанийн Засгийн газар мэдээлжээ. Түүнд амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд өнгөрсөн ням гарагт эмнэлэгт хүргэгджээ.


Парламентын гишүүд улсын хэмжээнд зарласан онцгой байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 11 хүртэл хоёр долоо хоногоор сунгах талаар санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Уг дүрмийн дагуу хүмүүсийг үндсэн хэрэглээний болон эмийн бүтээгдэхүүн худалдан авах, ажилдаа явахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглож байгаа ажээ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар 460 мянга гаруй хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн нас барж, 110 мянга гаруй хүн эдгэрчээ. 


Испанид нөхцөл байдал ямар байна вэ?

Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор 738 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 7973-аар нэмэгджээ. Тус улсад нэг өдрийн дотор халдварын хамгийн тохиолдол, нас баралт бүртгэгдэж буй нь энэ юм. 


Испанид нийт 47610 хүн халдвар авсан байна. Каталонд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 10 мянга дөхсөн бол Баск, Андалусиад 3000 мянга гаруй тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин халдвар хамгийн их тархсан Мадридад 14597 хүн халдвар авчээ.


Мадрид хотын оршуулгын үйлчилгээний газар “COVID-19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг хүлээн авахаа мягмар гаргаас зогсоосон бол хотын томоохон мөсөн талбайг түр хугацаанд цогцос хадгалах зориулалтаар ашиглахаар болсон байна.


Европт нөхцөл байдал ямар байна вэ?

Дэлхий даяар халдварын 435 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Европ халдварын тархалтын голомт болоод байна.


Европын Холбооны есөн орны удирдагчид цар тахлыг зогсоохын тулд “өрийн хэрэгсэл”-ээр хөрөнгө босгохыг 27 гишүүнд уриалжээ. Энэхүү захидалд Испани, Франц, Итали, Грек, Ирланд, Бельги, Люксембург, Словени, Португалын удирдагчид гарын үсэг зуржээ.


Италид сүүлийн 24 цагийн хугацаанд 683 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 7503-т хүрчээ. Энэ нь мягмар гаргийнхаас үл ялиг буурсан үзүүлэлт бөгөөд тус улсад шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан буурчээ. Засгийн газар вирусний халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг зөрчсөн тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгасан байна. Үүнд шинжилгээний хариугаа эерэг гарсан тохиолдолд тусгаарлагдах дүрмийг зөрчсөн хүмүүст олон мянган еврогийн торгуулиас эхлээд таван жилийн хорих ял ногдуулахаар болжээ.


Францад сүүлийн 24 цагийн хугацаанд 231 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 1331 болжээ. Эрүүл мэндийн агентлагийн дарга Жером Саломоны мэдээлснээр, яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийн тоо 12 хувиар өсөж, нөхцөл байдал улам дордож байгаа аж. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гаргийн орой цэргийн эмнэлэгт очиж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг сайшаасан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хураалтыг хойшлуулжээ. Уг санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох байсан юм. Лхагва гаргийн байдлаар ОХУ-д халдвар авсан хүний тоо 658 болжээ.  


Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Чарльзын коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарлаа. Түүнд халдварын “хөнгөн” шинж тэмдгүүд илэрчээ.


Европын томоохон хотуудын агаарын бохирдлын түвшин буурлаа. Европын орнуудад халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор томоохон хотуудын агаарын бохирдлын түвшин буурчээ. Италийн Милан хотын агаар дахь азотын давхар ислийн түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар буурсан гэж Европын Байгаль орчны агентлаг мэдээллээ. Мөн Испанийн Мадрид хотынх 41 хувиар, Португалын Лисбон хотынх 51 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ