Нэг сая ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд "Төсвийн багц" гаргах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-26 17:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдвартай холбоотойгоор Монголын нийт ААН-ийн 38 хувь нь ажилчдаа цомхотгон, 94 мянга орчим компани нэг сая орчим ажлын байрыг хадгалж үлдэхэд улам хэцүү болж байгааг "Улаанбаатар" худалдааны танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөлөөс өнөөдөр мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд "Улаанбаатар" Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэхдээ, "Эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал энэ цаг үед чухал болоод байгаа ч үүнтэй зэрэгцэн бизнес, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүсээд байгаа"-г онцлов. 


Бизнесийн мэргэжлийн болон төлөөллийн холбоод “Төсвийн багц”-ыг гарган хэрэгжүүлэх “Тусгай хороо” байгуулан Ерөнхий сайдаар удирдуулж, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн тэнцүү тооны 3-4 талын төлөөлөлтэйгөөр санхүүжилтийн шийдвэр гаргах саналыг тавьж байгаагаа мэдэгдлээ. 


Тэрээр, "Эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа хөрөнгө ААН, байгууллагууд, хувийн хэвшлийн татвараас санхүүжигддэг. Оны эхнээс улсын татварын орлого буурч байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх нь. Учир нь "COVID-19"-өөс улбаалж олон салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсож, орлого, татвар хумигдаж байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж буй орлого буурч, эргээд хөрөнгө оруулахад хэцүү, өвчний халдвартай тэмцэхэд хүнд болно.


Тиймээс үүссэн хүндрэлийг даван туулахад нөгөө талд эдийн засаг, бизнесээ унагаалгүй анхаарч авч хэрэгжүүлэх ажил, ашиглах боломж олон байна" гээд төр засгаас төсвийн бодлогоо өөрчлөх шаардлагатай байна. Ингэхдээ төсвийг тодотгож зардлаа танахаас илүү, төсөвт орж ирэх орлогын хэмжээг эргэж дахин төлөвлөх хэрэгтэй байна гэв. 

Үүнд, төсвөөс хөрөнгө оруулж хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөрийн зарим нэгийг эхлэхээс нь өмнө зогсоох шаардлагатай. Тэндээс хэмнэгдэх зардал хөрөнгийг буцаагаад эдийн засаг, бизнесээ сэргээж идэвхжүүлэхэд зарцуулъя. "Улаанбаатар" Худалдааны танхим бизнесийн, мэргэжлийн бусад холбоодтой ярилцаж байгаад Засгийн газраас "Төсвийн багц"-ыг гаргах санал тавьж байна гэв.


"Дор хаяж 1.5 их наяд төгрөгийн төсвийн багцыг гаргах нь их тоо биш бөгөөд манай улсын ДНБ-ний 10 хүрэхгүй хувь, нийт төсвийн зардлын мөн 10 хэдэн хувь болно. Энэ хөрөнгө шинээр хэрэгжүүлэхээр батлагдаад байгаа төсвийн хөрөнгө оруулалтын 25 хувийг танахад л гарна" гэдгийг хэлж байв. Дээр нь Дэлхийн банк, ОУВС, олон улсын банк, санхүүгийн бусад байгууллагаас ЖДҮ-ийг дэмжихэд зориулсан санхүүгийн багц гаргахыг зөвшөөрсөн. Эндээс мөн хөрөнгийг гаргаж болно. Энэ мэтээр хүнд үеийг даван туулахад зарцуулах хөрөнгийг босгож гаргах боломж Засгийн газарт байгаа. Гаргасан хөрөнгийг сая орчим ажлын байрыг хадгалж авч үлдэхийн тулд ААН-үүдэд татаас юм уу нөхөн олговор байдлаар өгч болно гэв. 


Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөлийн Ажлын албаны дарга А.Энхцэцэг хэлэхдээ, "Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тендергүйгээр шууд худалдан авах хуулийг хэрэгжүүлье. Энэ цаг үед дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх алтан боломж тохиож байна. Энэ онд эхлүүлэх шинэ барилга, их засварын ажлын нийт өртгийн 25 орчим хувь буюу 154 орчим тэрбум төгрөгийг дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулъя.

Манай улс жилд ойролцоогоор 1.2-1.5 их наяд төгрөгийн барааны худалдан авалт хийдэг. Үүний  3-5 хувийг нь л дотоодын үйлдвэрээс худалдан авдаг. 2019 онд 1.5 их наяд төгрөгийн төсвийн худалдан авалт хийснээс эхний хагас жилд 41.5 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн" гэв.  


Тэрээр, одоо ноолуур бэлтгэлийн цаг үе ирсэн. Одоо байгаа хүчин чадлаа ашиглаад үйлдвэрлэлүүдээ дэмжээд явах ёстой байтал малчдад ноолуурын үнэ 100 мянган төгрөгт хүрнэ, хадгалж байгаарай гэх мэдээлэл тарааж буй нь  үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. Дэмжиж ажиллах ёстой байтал аль аль талд нь ийм хүнд нөхцөл байдал бий болгож болохгүй" гэв. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Д.Батдэлгэр "ЖДҮ эрхлэгч нар ажлын байраа хадгалж үлдэхэд үнэхээр хэцүү боллоо. Нөхцөл байдал 2 сар үргэлжилж сүүлдээ ажилчдаа цомхотгож, халж өрнөөс өрний хооронд байна. Худалдан авагч нар бэлэн мөнгөгүй болсон байна. УИХ-ын ээлжит чуулган яаралтай хуралдаж түргэн шуурхай арга хэмжээ авахыг хүсэж байна. 

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, ХАА-н санг яаралтай мөнгөжүүлэх шаардлагатай байна. Зүгээр мөнгө өгөхгүй юм гэхэд тодорхой хугацаанд, хөнгөлөлттэй зээл олгож, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Сан одоо ямар ч мөнгөгүй болчихоод байна" гэв. 

Бизнесийн мэргэжлийн болон төлөөллийн холбоод “Төсвийн багц”-ыг гарган хэрэгжүүлэх “Тусгай хороо” байгуулан Ерөнхий сайдаар удирдуулж, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн гэх мэт 3-4 талын тэнцүү тооны төлөөлөлтэйгөөр санхүүжилтийн шийдвэр гаргах саналыг тавьж буйг өнөөдөр мэдэгдлээ. Мөн төсвийг тодотгож, ААН-үүдийн төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг энэ оны 4-р улирал хүртэл хойшлуулахыг санал болгов.




Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ