Тусгаарлалтаас гарч буй иргэдэд хүчний байгууллагуудтай хамтарсан хяналт тавина

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-27 14:57:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хувьд улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдээ 3 дугаар сарын 28-ны 06.00 цаг хүртэл хүлээн авч, улсын хойд хилийг хаах болохыг ард иргэддээ анхаарууллаа.

Мөн Сэлэнгэ аймагт зарим иргэний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дуусгавар болж гэртээ харьж байна. Уг иргэд тусгаарлалтаас гарсан даруйдаа гэртээ 14 хоног өөрийгөө хянах үүрэгтэй юм. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөгөөр гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүст маш хатуу зөвлөмжийг өгч байна. Эдгээр иргэд дээд зэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай байх нь хамгаас чухал юм.  

Тэдгээр иргэдэд ТЕГ, ЦЕГ, ОБЕГ зэрэг хүчний байгууллагуудтай хамтарсан хяналтыг тавих аж. Хамгийн гол нь иргэд өөрийгөө хуурах нь гэр бүл, ах дүү, хамаатан саднаас эхлээд үндэстнээ аюултай байдалд оруулах эрсдэлтай гэдгийг ойлгох нь зүйтэй юм. Иймээс улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж зааврын дагуу гадуур явж байгаа хөдөлгөөндөө хязгаарлалт хийх хэрэгтэйг нийт иргэнд санууллаа.  

 

Холбоотой мэдээ