УБТЗ 16.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжоо алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2020-03-27 17:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "COVID-19 халдварын улмаас 102 галт тэрэгний аялал цуцлагдаж, УБТЗ ХНН-ийн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 16-18 хувиар буурчээ. Үүний улмаас 16.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжоо алдсан байна.



УБТЗ дотоодын нүүрс, орон нутгийн ачаа, зорчигч тээврээс жилд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Үүнийгээ дамжин өнгөрөх тээврийн орлогоос нөхдөг хэдий ч энэ жил “COVID-19”-ийн улмаас алдагдлынхаа 50 илүү хувийг нөхөх боломжоо алдсан. Тиймээс хөрш орнуудын төмөр замын байгууллагуудад дамжин өнгөрөх ачаа тээврээ нэмэх хүсэлт хүргүүлсэн талаар тус нийгэмлэгийн Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсан онцолсон юм.



Түүнээс төмөр замын ачаа тээвэрлэлтийн талаар тодруулахад, “Манай нийгэмлэг энэ онд 28.3 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу эхний саруудын тээврийн төлөвлөгөөний биелэлт 8.7 хувиар давж, 108.7 хувийн биелэлттэй байна. Дамжин өнгөрөх тээвэр болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэр буурсан ч уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврээ төлөвлөгөөгөө 25 хувиар илүү тээвэрлэж байгаа” хэмээв.


БНХАУ-д коронавирусний тархалт буурч, онцгой дэглэмээ цуцалж эхэлсэн тул тус улсаас хоногт 400-500 вагон Монголд орж ирж байгаа аж. Харин ОХУ-аас ирж буй дамжин өнгөрөх тээвэр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.3 хувиар буурсан байна. Ирж буй ачаа бүрийг шуурхай тээвэрлэх, хугацаанд нь хүргэх боломжийн талаар хөрш оруудын төмөр замын салбарынхантай ярилцаж байгаа аж.



Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс мэргэжлийн хяналтын байгууллага хилээр нэвтэрч буй галт тэрэг, чингэлгүүдийг ариутгах шаардлагыг УБТЗ-д тавьж байгаа аж. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Сүхбаатар, Замын-Үүд өртөөнд ирсэн ачааны вагон бүрийг ариутгасны дараа тус байгууллагын зөвшөөрлийг үндэслэн оруулж байгаа аж. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Эрээн, Наушки өртөө рүү гарч ажилладаг технологийн бүлэг ажилтан бий. Энэ хүмүүсээ хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж, аюулгүй байдлын зааварчилгааг зөрчихгүй байх шаардлага тавьж байгааг Тээвэр зохицуулалтын албаны дарга Ц.Лувсан онцолсон юм.


Орон нутгийн тээвэр, ачаа бараа болон улс орны бүтээн байгуулалттай холбоотой ачаа барааг яаралтай тээвэрлэхээр ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Тиймээс дотоодын тээвэрт төмөр замын тээврээс шалтгаалсан саатал гарахгүй хэмээн УБТЗ-ынхан тооцоолсон байна.



УБТЗ 16 мянган ажилтантай. Үүнээс 9 мянга гаруй нь ачаа тээвэр, зорчигч тээвэртэй холбоотой хөдөлгөөний ажилтан. Бусад нь эмнэлэг, цэцэрлэг, сургуульд ажилладаг байна. “COVID-19” халдварын улмаас тус нийгэмлэгийн санхүүд учирч буй хүндрэлийг даван туулахад ажилтан бүр оролцож, цалинтай бус цалингүй чөлөө, ээлжийн амралтаа авах зэргээр тусалж байна.
Холбоотой мэдээ