“Madame Tussauds”-д зочлонгоо алдартнуудтай бүжиглэх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-05-02 09:13:21

ТОКИО. /VOA/. Токио хотын “Madame Tussauds“ музей үзэгдчиддээ зориулж “Хунт нуур”-ын аянд жүжигчин Леонардо Ди Каприотой вальс эргэж, эсвэл Бейонсетэй хамт диско бүжиг бүжиглэх боломж олгох шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.

Дэлхийн алдартнуудын биеийн бодит хэмжээгээр хийсэн лааны тосон баримлуудаараа олонд танигдсан  тус музей нь бүжгийн “голограм” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

Зочид дэлхийн алдартай жүжигчин, дуучид болох Леонардо Ди Каприо, Брэд Питт, Лэди Гага, Бионсе болон Мэрилин Монротой хамт бүжиглэж, Олимпийн уран гулгалтын аварга Японы уран гулгагч Юзүрү Ханюутай хамт “Хунт нуур” балетийг бүжиглэж болох юм.

Японы иргэн Мизүхо Шинден өөрийн бишрэн шүтдэг алдартнууд болох Монро болон Лэди Гага нартай бүжиглэж мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр “Надад уг газарт байгаа мэт бодит мэдрэмж төрсөн. Энэ гайхалтай хүмүүстэй бүжиглэх боломж олдсоноор үнэхээр мөрөөдөл минь биелэх шиг санагдлаа” хэмээн ярьжээ.

Харин Томоаки Ишизүка-гийн хувьд балетын хувцас өмсөн Ханюугийн хажууд зогсож буйгаар өөрийг харсан нь түүнд нэлээд эвгүй санагджээ. “Би өөрөө эрэгтэй хүн байж эрэгтэй балетчинтай хамт бүжиглэж байгаагаа харахад үнэхээр эвгүй санагдсан. Тэр тусмаа энэ нь үнэхээр бодит мэт харагдсан нь сонин байлаа” гэжээ.

Оролцогчид нь 3D-гээр нүүрээ уншуулснаар “голограм” бүжигчинд хувиран 90 секундийн үзүүлбэр үзүүлдэг байна.

Энэ үзүүлбэр нь олон зуун жилийн түүхтэй тус музейн хувьд техникийн эрин үед алдартай хүмүүстэй уулзаж учрах боломжийг олгох дижитал аргуудын нэг ажээ.

Музейн ерөнхий менежер Тоши Эндо ярихдаа “одоохондоо зургаан алдартантай хамт гурван төрлийн бүжиг хийх боломжийг олгож буй хөтөлбөр нь энэ жилийн дундуур улам өргөжнө хэмээн найдаж байна” гэжээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ