Хязгаарлалтыг эрт цуцалбал халдвар эргэн дэгдэх эрсдэлтэйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-08 12:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон бүрт “COVID-19” халдварын нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч халдварын тархалтыг хумих зорилгоор авсан хязгаарлалтыг цуцлах цаг болоогүй. Хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг анхааруулсан хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа онцоллоо.

Тэрбээр өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр дэлхийн улс орнууд шинэ коронавирусний халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

COVID-19-ийн улмаас Франц улсад нас барсан хүний тоо 10 мянга давсан байна. Үүнээс 7 091 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 3 237 нь өндөр настны асрамжийн газарт нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Одоогийн байдлаар 7 131 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Испани улсад өчигдөр 743 хүн нас барсан нь өмнөх таван өдрөөс бага зэрэг нэмэгджээ.

Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Мягмар гарагт 3 892 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 34 мянга гарсан тухай Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. 

Чехийн парламентаас онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал сунгах шийдвэр гаргасан.

Финландын Засгийн газраас хилийн хяналт, зорчих хөдөлгөөнтэй холбогдуулан авсан хязгаарлалтыг тавдугаар сарын 13 хүртэл сунгажээ. 

АНУ-ын халдварын төв болоод байгаа Нью Йорк мужид өнгөрсөн хоногт 731 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 139 мянга давсан. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1 731 нас баралт шинээр бүртгэгджээ.

Калифорни муж улсаас Нью-Йорк болон бусад мужид түр хэрэглүүлэхээр амьсгалын аппаратыг илгээж байгаа талаар мэдээлсэн. 

БНХАУ-ын Ухань хотод 76 хоногийн турш мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс цуцалж байна. Ингэснээр галт тэрэг, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээсэн. Хотын доторх зорчих хөдөлгөөнийг сэргээж байгаа нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг цуцална гэсэн үг биш бөгөөд улам эрчимжүүлэх шаардлагатайг мужийн болон хотын засаг захиргаанаас мэдэгджээ. 

 

Холбоотой мэдээ