Сөүлээс 267 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-08 20:10:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр 267 иргэн эх орондоо ирлээ. Уг нислэгийг гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд нислэгийн багийнхантай хамт 21 хоног тусгаарлагдах юм.


Тус нислэгээр 267 иргэн ирж байгаагаас 50 нь өндөр настан, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь жирэмсэн бол 18 нь оюутан аж. Мөн 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн болон БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм. Эдгээр иргэдийг журмын дагуу 21 хоног тусгаарлахын зэрэгцээ шинэ коронавирусний шинжилгээ авах юм.


Мөн агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-аас авч буй болон Монос групп, Ази-Фарма ХХК-ын эм, эмчилгээний хэрэгслийг тээвэрлэн ирснийг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниас мэдээлэв.


Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн өнгөрсөн сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256, 18-нд Истанбулаас 252 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм. Харин энэ сарын 2-нд Сөүлээс 261, 3-нд Токиогоос 266 иргэн эх орондоо ирсэн билээ.

Холбоотой мэдээ