С.Бямбацогт: Онцгой нөхцөлд УИХ-ын чуулганыг амралтын өдөр хуралдуулах боломжтой

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-09 11:04:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Хуулийн төсөлд онц байдал, дайны байдал, олон улсад хөл хорио тогтоох өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг УИХ цахим хуралдаанаар хэлэлцэх, энэ үед баримтлах дэгийг тусгасан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Тус Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэж дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй 12 санал гаргажээ.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, анхны хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналууд хуулийн төсөлд хэрхэн туссаныг тодруулав. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр, онцгой нөхцөл байдал үүссэнийг хэн тодорхойлох вэ гэсэн асуулт гарч байсан. Үүнийг Засгийн газар тодорхойлно гэж төсөлд тусгасныг тэмдэглэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, чуулганыг онцгой нөхцөл байдлын үед амралтын өдөр шуурхай хуралдуулах боломжийг төсөлд тусгасан эсэхийг лавлалаа. Мөн онцгой дэглэмийн үед ирц хүрэхгүй байх нөхцөл үүсвэл хэрхэн зохицуулахыг асуув. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.11 дэх хэсэгт оруулж байгаа өөрчлөлтийн талаар тодруулав. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, Хууль, тогтоомжийн тухай хуулийн төслийн төслийн 21.11 дэх хэсэгт Онц байдал бүхий дайны байдал болон олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөлд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд Засгийн газар 72 цагийн дотор саналаа хүргүүлдэг байхаар өөрчилсөн. Өмнө нь 30 хоногийн дотор хүргүүлдэг байсныг онц байдлын үед илүү шуурхай болгох үүднээс гурав хоног болгож өөрчилж байгааг тайлбарлалаа. Өмнөх дэгийн хуулиар УИХ-ын чуулганыг амралтын өдөр хуралдуулах боломжтой ч илүү тодорхой болгож УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дахин өргөн барина гэдгээ дуулгалаа. Мөн тэрээр асуултад хариулахдаа,  гишүүдийн олонх хөл хорионд орсон үед ирцийг хангахтай холбоотой зохицуулалт одоогоор тусгаагүй байгаа гэлээ. Бусад улс орны хувьд, парламентын гишүүдийн цөөнх нь асуудлыг хэлэлцэх хуулийн боломжийг нээсэн гэдгийг тэмдэглээд, энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд манай Үндсэн хуульд харшлах эсэхийг судалж байгаа гэв. Мөн тэрээр хариултдаа онц байдлын үед товлосон цагтаа ирээгүй УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хасах зохицуулалт нэмж байгааг дуулгалаа.


Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 12 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, М.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно” хэмээн өөрчлөх санал гаргасныг олонх дэмжив. Уг саналтай уялдуулан "Гамшгийн тухай хуульд “олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно” гэсэн агуулгатай нэмэлт заалт оруулахаар болсныг мөн дэмжлээ.


Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 12.2.7 дахь заалтад “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль” гэсэн агуулгатай хэсэг нэмэх саналыг дэмжив. Үүнтэй уялдуулан 21.11 дэх хэсэгт “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхийг дэмжлээ.


Мөн “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн, мөн “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы байршлыг өөрчилж болно” гэсэн агуулгатай хэсгийг тус тус нэмэх саналыг дэмжихээр тогтлоо. 


Хуулийн төсөлд, онцгой үед гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан 2 минут асуулт асуух, 3 минут үг хэлэхээр тусгажээ. Харин асуулт, үг хангалтгүй гэж үзвэл 1 минут нэмэх зохицуулалт оруулжээ. Мөн УИХ-ын чуулган цахимаар хуралдуулахтай холбогдуулан цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Тагнуулын ерөнхий газрыг үүрэгжүүлж ажиллуулах зэрэг саналыг гишүүдийн олонх дэмжлээ.


Ийнхүү УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ