Австралид коронавирусийг 48 цагийн дотор устгадаг эмийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-04-09 15:21:22

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Монашийн их сургууль /MU/ болон Доэртигийн нэрэмжит халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй антибиотик гэгддэг ивермектин эм коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй болохыг тогтоожээ. Эрдэмтдийн судалгааг “Antiviral Research” сэтгүүлд нийтэлсэн байна.


Өргөн хэрэглэгддэг, хямд үнэтэй уг эм нь эсийн өсгөвөрт “SARS-CoV-2” вирусний үржлийг 48 цагийн турш зогсоодог болохыг Рояал Мельбурн эмнэлэгт явуулсан лабораторийн судалгааны үр дүн харуулжээ.


“Эсэд хортой нөлөөгүй [эмийн] нэг тун нь 48 цагийн дотор вирусний РНХ-г бараг бүхэлд нь буюу 99.98 хувиар устгаж, эргэн тойрон дахь вирусний агууламжийг 24 цагийн турш эрс бууруулдаг болохыг бид тогтоосон” гэж судалгааг удирдан явуулсан MU-ийн Био анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Кайли Вагстафф ярьсан байна.


Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, эмийн үр нөлөөг зөвхөн лабораторийн нөхцөлд баталсан бөгөөд эмнэлзүйн туршилтын явцад баталгаажуулах шаардлагатай байна. “Ивермектинийг одоо дэлхий даяар өргөн хэрэглэдгээс гадна, аюулгүй эмд тооцогддог боловч коронавирустэй тэмцэхэд хүмүүст ямар тунгаар хэрэглэх нь үр дүнтэй байх эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Энэ бол бидний дараагийн алхам юм” гэж Вагстафф тайлбарлажээ.


Хэдийгээр үр дүнтэй гэдэг нь лабораторийн нөхцөлд батлагдсан ч ивермектинийг “COVID-19” өвчнийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах хараахан болоогүй гэдгийг MU-ийн хэвлэлийн алба цохон тэмдэглэсэн байна.


Ивермектин нь хүн болон гэрийн тэжээвэр амьтдын шимэгч хорхойноос үүдэлтэй халдварт өвчнийг эмчлэхэд ашигладаг эм юм. Уг эмийг нээсэн эрдэмтэд болох Уильям Кэмпбeлл /Ирланд/, Сатоши Омура /Япон/ нар 2015 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ.


Холбоотой мэдээ