ӨМӨЗО-оос түргэн тусламжийн машин, эмчилгээний техник хэрэгсэл гардуулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2020-04-10 17:45:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад БНХАУ-ын ӨМӨЗО-оос түргэн тусламжийн машин, шинэ коронавирусний оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис, ариутгалын шингэн гардуулах ажиллагаа өнөөдөр ӨМӨЗО-ы Ардын засгийн ордонд  болов.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй: Хятад, Монгол Улс уул, усаараа холбогдсон сайн хөрш, найз, түншүүд. Шинэ төрлийн коронавирусний халдвар эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар болон нийгмийн бүх салбар Хятадын цар тахалтай тэмцэх ажлыг дэмжин ирсэн. Хамгийн хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлан ирж Хятадын ард түмэн цар тахалтай тэмцэж ялна гэдэгт баттай итгэж буйгаа илэрхийлэн дэмжлэг үзүүлсэн нь Монгол, Хятадын ард түмний найрсаг, гүн бат найрамдалт харилцааны илэрхийлэл болсон. Ши Жинпинь даргын Намын төв хорооны удирдлагын дор бид цар тахлыг хяналтдаа авлаа. Ингэснээр манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэг журамтай сэргэж байна. Дэлхийн олон оронд цар тахал хурдацтай тархаж, өвчний нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед улс орнууд хамтран өвчинтэй тэмцэхэд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна. Монгол Улсад нөхцөл байдал тогтвортой, өвчлөлийн тархалтыг бага түвшинд барьж байгааг бид өндрөөр үнэлж, сайшааж байна. ӨМӨЗО-оос Монгол Улсад үзүүлж буй 2 дахь ээлжийн тусламжийг Улаанбаатар хотод өгч байгаа бөгөөд энэхүү түргэн тусламжийн тэрэг болон техник хэрэгсэл нь Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд тус дөхөм болно гэдэгт найдаж байна.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг: Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд Монгол Улс хэзээд идэвх зүтгэлтэй оролцож ирсэн. Бид вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулт өвчинтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй өнө мөнхийн хөршдөө чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр улс орон даяар “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аян өрнүүлж, төрийн албан хаагч, ажилчин, малчин, иргэн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж хөрш орны ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байна.

БНХАУ нь дэлхий нийтийн өмнө их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, нээлттэй  ил тод байдлаар халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл, туршлагаасаа хуваалцан тархалт хурдацтай явагдаж буй улс орнуудад эрүүл мэндийн техник хэрэгсэл, эд материал төдийгүй эмч нарын баг бүрэлдэхүүнээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархлыг хүлээж байна.

ӨМӨЗО-оос Монгол Улсад орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн тэргийг хүлээлгэн өгч байгаа нь хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулж буй том хувь нэмэр, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд том түлхэц болсон үйл явдал юм. Монгол-Хятад улсын ард түмний эрүүл мэндийн төлөө бид бүгд хамтдаа хийж чадах бүхий л зүйлээрээ хувь нэмрээ оруулах болно.


Энэхүү үйл ажиллагаанд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөххотод суугаа ЕКГ-ын консул Б.Гантулга, ӨМӨЗО-ы Нарийн бичгийн дарга Бао Жэнь Юй, ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Ван Фан, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчинь болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Холбоотой мэдээ