Сургуулиудын гал тогоог стандартад нийцүүлэн шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-12 13:16:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй Алтай” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын гал тогоог бүрэн засварлаж, стандартад нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулж байна.


Одоогоор энэхүү ажилд орон нутгийн төсвөөс 85,0 сая төгрөгийг төсөвлөн Есөнбулаг сумын нэг болон хоёрдугаар сургуулийн гал тогоог бүрэн засварлалаа хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.

Харин НҮБ-ын Хүүхдийн сангаас 102,0 сая төгрөгийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Уг ажлын үр дүнд сурагчид хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхэд стандартын шаардлага хангасан гал тогоонд “Үдийн хоол” хөтөлбөртөө сэтгэл хангалуун хамрагдах боллоо.

Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталж, 2020 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид, 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдахаар болсон юм.









Холбоотой мэдээ