Ч.Чинбат: Г.Загдааг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-13 14:36:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг өнгөрсөн амралтын өдөр баривчилсан. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбатаас тодруулав.


-Г.Загдаа гэх хүнийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдөр саатуулсан. Түүний гаргасан зөрчил шүүх дээр буцдаг гэсэн мэдээлэл яваад байна. Энэ хүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад хэчнээн гомдол ирсэн бэ?


-Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаад холбогдох таван зөрчил 2019-2020 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж шалгасан. Үүнд, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн, хүчингийн гэх хэргийг шалгаад зарим хэргийг нь шийдвэрлээд байна. Тухайлбал, иргэн Н, Б нарын биед хөнгөн гэмтэл учруулсныг нь тогтоож шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Мөн нэгдүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 6.21, 15.1 дэх хэсэгт зааснаар зөрчил гаргасныг нь тогтоож, 2000 нэгжээр торгох шийтгэл оноосон. Гэвч шүүхийн шийдвэрээр зөрчлийг хүчингүй болгосон. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу “гүтгэх” гэдэг заалт нь нэгдүгээр сарын 10-ны хуулиар хүчингүй болсон. Хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримттай тул холбогдох хуулийн заалтаар нь шүүхэд дахин шилжүүлээд байна. 


-Олон нийтийн сүлжээнд Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй саатуулсан гэж ярьж байна?


-Иргэн Х-ээс Г.Загдаад хүчиндүүлсэн гэх гомдол энэ сарын 9-нд ирсэн. Энэ дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээснээр, хойшлуулшгүй ажиллагаа явуулж түүнийг баривчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, гомдол хүлээн авч хэрэг бүртгэл нээсний дараа цугларсан нотлох баримтыг үндэслэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлах бүрэн эрхтэй. Мөрдөгч шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэж гүйцэтгэнэ гэж хуульд заасан байдаг. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, гэрч, хохирогч гэмт этгээдийг шууд заасан, эсхүл нотлох баримт устах, оргон зайлах эрсдэлтэй гэж үзвэл хойшлуулшгүй баривчилж болно. Хууль ёсны дагуу баривчлах ажиллагааг явуулсан гэж ойлгож болно.

Хойшлуулшгүй баривчилсан тохиолдолд 48 цагийн хугацаанд саатуулна. Үүний дараа цугларсан нотлох баримтыг прокурорын байгууллагад шилжүүлж, цаашид цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Холбогдох шалгах ажиллагаа үргэлжилж байна. 


-Маш олон цагдаагийн хамгаалалттай баривчлах ажиллагаа явуулсанд иргэд гайхаад байх шиг байна?


-Цагдаагийн байгууллага нийгмийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах тусгай үүрэгтэй. Энэхүү ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тул олон нийтийн сэтгэлзүйд тааруулж зохион байгуулах боломжгүй. Энэ байгууллагын асуудлаар өмнө нь ирж байсан гомдол, дуудлагаар очсон алба хаагчдыг доромжилж хөөж гаргадаг, эрх чөлөөнд нь халддаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ уриалж босгодог. Тиймээс цагдаагийн алба хаагчдыг оролцуулж, тухайн иргэдийг хамгаалж урьдчилан сэргийлсэн. 


-Зөв амьдрах ухаан ТББ-ын халамжийн үйлчилгээг төрөөс огт дэмждэггүй хэмээн тус байгууллагын тэргүүн Г.Загдаа ярьж байсан?


-Тухайн байгууллагад нийгмийн халамжийн үйлчилгээ авч амьдарч байсан 130 гаруй иргэн, 42 хүүхэд байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгсөн. Тэдгээр хүүхдийг хамгаалахаар холбогдох байгууллага нь цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар, төр халамжийн ажлыг иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гээд заачихсан. Энэ хүрээнд тус байгууллага ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүсийг тэнд аваачаад төрийн өмнөөс халамжийн ажил гүйцэтгэсэн гэсэн үг. Нотлох баримтаас үзэхэд, нийслэл, дүүргийн халамжийн хэлтсээс Зөв амьдрах ухаан ТББ-д 2013-2019 онд 695 сая төгрөг олгосон байна.  Төр иргэнээ хайхраагүй гэдэг нь ташаа мэдээлэл юм. Төрөөс өгөх ёстой дэмжлэгээ ТББ-аас дамжуулан хүргэж ирсэн.

-Ер нь төрийн бус байгууллага нэрээр иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа гомдол сүүлийн үед яригдах болсон ?


-Бүх нийгэм халамжийн байгууллагыг хэлэхгүй. Сайн нь ч бий, муу нь ч бий. Ер нь нийгмийн халамж нэрээр ажиллаж байгаа ТББ-ын ажлыг хянахгүй бол төсвийн хөрөнгийг буруу зүйлд зарцуулах хандлага ажиглагдаж байна. Үүнд хүний эрх зөрчиж байгаа, хатуу ширүүн харьцаж байгаа, залхаан цээрлүүлдэг зэрэг зөрчил байгааг нийгмээрээ нэг биш удаа ярьж байна. ХЭҮК-оос ч тийм дүгнэлт гаргасан.  Очсон төрийн албан хаагчдыг Загдаа гэх хүн хөөж гаргадаг, ийм зах замбараагаа алдсан юм байж болохгүй. 


-Зөв амьдрах ухаан ТББ-ын тусгай зөвшөөрлийг цуцлах уу?


-Хэрвээ шалгалтаар, нийгэм халамжийн тухай хуульд зааснаар, асран хамгаалагчийнхаа эрх ашгийг зөрчсөн бол гэрчилгээг нь хүчингүй болгох зохицуулалт бий. Холбогдох байгууллага нь тухайн байгууллагад амьдарч байгаа иргэдийг өөр газарт шилжүүлэх, асуудлыг хэрхэн шийдэх зэрэг нь дараагийн асуудал. Хууль бус зүйл байсан эсэхийг мөрдөн шалгаж, нотлох баримт цуглуулах ажлыг хийж байна. Ямар нэгэн үр дүнд хүрсний дараа урьдчилан мэдээлэх боломжтой болно.

Холбоотой мэдээ