“Түүхт их Алтай-80” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-17 11:07:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан ЗДТГ, БСУГ хамтран “Түүхт их Алтай-80” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна. 

Эх хэл, эх түүхээрээ бахархах үзэл хандлагатай иргэнийг төлөвшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг уралдааныг зохион байгуулж буй ажээ.

Уралдааныг Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчид, оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд тавдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Оролцогчид эсээ бичихдээ хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Тухайлбал, агуулгын хувьд Алтай нутгийнхаа түүхэн замнал, онцлог, хөгжил дэвшлийн ололт амжилтыг бахархал төрүүлэхүйц байдлаар илэрхийлсэн байх, бүтээлч хандлага тоо баримт, жишээнд тулгуурласан байх, монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх, ашигласан ном зохиолын эх сурвалжийг дурдах гэх мэт шаардлагыг хангасан байх юм. 

Уралдаанд ирүүлэх эсээг тавдугаар сарын 15-ны 18:00 цаг хүртэлх хугацаанд delgermaa0503@gmail.com хаягаар болон БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрмаад хаяглан ирүүлэх, биеэр ирж өгөх боломжтой юм.


Холбоотой мэдээ