”Монгол хурандаа нийгэмлэг” ТББ-тай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-17 12:04:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, өчигдөр /2020.04.16/ “Монгол хурандаа нийгэмлэг” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудад алба хааж байгаад бэлтгэл болон чөлөөнд гарсан хурандаа цолтнуудын мэдлэг, ажлын туршлагыг Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтод ашиглах, тэднийг нийслэлээс зохион байгуулах урлаг, соёл, олон нийтийн ажилд оролцуулахыг зорьжээ. Мөн хурандаа цолтнууд нийслэлийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “Монгол хурандаа нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Ч.Баатар нар санамж бичиг байгуулж, хамтран ажиллах үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлов.



Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэргэжилтэн Д.Сүхбат товч танилцуулж, "Хот нийтийн аж ахуйн онцлох ажлууд" номыг хурандаа нарт дурсгав.

Холбоотой мэдээ